ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН
2017 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Дээд газрын тогтоол, шийдвэр болон 2017 оныг “Хууль, эрх зүйн шинэтгэл”-ийн жил болгосонтой холбогдуулан тус тус уялдуулан үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөнд нийт 20 зорилтод суурилсан 155 ажил үйлчилгээ тусгаснаас дараах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.

Нэг. Харилцаа холбоо, шуудангийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, радио давтамж, сансрын технологийн талаарх дэвшилтэт технологийг нутагшуулах, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого /2016-2025/-ыг боловсруулж, Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлуулав. Бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон салбарын төрийн, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотой Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг урьдчилан тандан судалгаа хийх ажлын хэсгийг байгуулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу судалгаа хийж, зөвлөмжийг боловсруулан тус газрын Даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулахаар салбарын хэмжээнд 8 арга хэмжээний төслийн санал боловсруулж Сангийн Яаманд хүргүүллээ. Үүнээс 3 арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгуулсан. “Монгол шуудан” ХК-ийн хувьчлалын асуудалтай холбогдуулан төрийн эзэмшлийн хувьцааг худалдан борлуулахаас өмнө компанийг дахин үнэлгээгээр оруулах талаар судалгаа хийж, саналаа ТӨБЗГ-т хүргүүлсэн.
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 2016-2020 онд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад Харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөж, ашиглах төслийг тусгуулав.

БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан Олон Улсын хамтын ажиллагааны “Нэг бүс ба нэг зам” чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцоход нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын саналыг бэлтгэн хүргүүлсэн.

Сансрын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 75 тоот захирамжаар шинэчлэн байгууллаа.

Улс хоорондын дамжин өнгөрөх транзит үйлчилгээний асуудлаар дараах ажлуудыг хийлээ. Үүнд:

  • Тайланд Улсын Бангкок хотноо 2017 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан UN ESCAP-ийн 73 дугаар комиссын хурлын тогтоолын төсөлд Ази, Номхон далайн бүс нутгийн өндөр хурдны мэдээлэл, холбооны сүлжээ байгуулах талаар тусгагдсан. Энэхүү арга хэмжээнд оролцох төлөөлөгчдөд улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээний талаар болон тус газрын бодлогын чиглэлийн талаар мэдээлэл, танилцуулга бэлтгэж хүргүүлэв.
  • Орос-Монгол-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” ажлын хүрээнд ГХЯ-ны холбогдох хүмүүст улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээний талаар мэдээлэл бэлтгэж хүргүүлсэн ба Монголын талын ажлын хэсэгт тус газрын дарга орж ажиллаж байна.
  • Монгол Улсын Засгийн газрын “Талын зам” төсөлтэй танилцаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хөгжлийг идэвхижүүлэх чиглэлд санал боловсруулж ГХЯ-нд хүргүүлсэн.
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр болон Монгол Улс, БНХАУ-ын “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ын хүрээнд “Монгол Хятадын экспо-2017”-г зохион байгуулах ажлын хэсгүүдэд тус тус холбогдох мэдээллийг хүргүүлэв.

Дэд бүтцийн сайдын 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 39 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 117 тоот захирамжаар хүчингүй болгосон. Үүний дагуу “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс тогтоох журам”-ыг шинэчлэн тус газрын даргын 2017 оны А/42 дугаар тушаалаар баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 3720 дугаарт бүртгүүллээ.

“Монгол Улсын харилцаа холбооны үйлчилгээний өрсөлдөөн, үнэ тарифын талаар баримтлах бодлогын чиглэл”-ийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу тус газрын болон Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулж санал авч, салбарын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж шинэчлэн боловсрууллаа. Бодлогын чиглэлд цахим хуудсаар болон хэлэлцүүлгийн үеэр гарсан саналыг тусган боловсруулж Даргын зөвлөлийн хуралд танилцуулж, тус газрын даргын 2017 оны А/65 дугаар тушаалаар батлууллаа.
“Дэлхийн шуудан холбооны байгууллага”-д төлөх гишүүнчлэлийн төлбөрийн үлдэгдлийн асуудлыг судалж, “Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлбөр төлөх, татвар, хандивын тухай” Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоол болон 2009 оны 336 дугаар тогтоолд Олон улсын шуудангийн байгууллагын харьяаллын талаар өөрчлөлт оруулах тогтоолын төсөл, танилцуулгыг ЗГХЭГ-т хүргүүлсэн.

“Мэдээлэл Холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг татан буулгах асуудлаар Сангийн Яамнаас чиглэл авч, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаж ЗГХЭГ, Үндэсний Аудитын газарт тус тус хүргүүлсэн. Мөн Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “Мэдээлэл холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл” төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайланг боловсруулж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөрөнгийг (Nissan Patrol NY61 автомашин, 8 зөөврийн компьютер) шилжүүлэх талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан тоот хүргүүлээд байна.

Шинэ суурьшлын бүс нэмэгдсэнтэй холбогдуулан Ерөнхий сайдын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаар захирамжаар Шуудангийн бүсчлэлийн кодын өөрчлөлтүүдийг шинэчлэн батлуулав.

Монгол Улсын Шадар сайд, Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөлийн даргаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ЗГ-2/27 албан тоотоор ирүүлсэн үүргийн дагуу Анхаар аппликейшнийг сурталчлах ажлыг үүрэн холбооны операторууд болон ухаалаг төхөөрөмж борлуулагч аж ахуйн нэгжүүдэд хамтран ажиллах тухай 1/110 албан тоотыг хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

ОУЦХБ-ын зөвлөх үйлчилгээний хүрээнд Радио долгионы стратеги төлөвлөлтийн асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороо болон радио давтамж эзэмшигч байгууллагуудыг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, онцгой байдлын үед шуурхай холбох системийн шийдлийг боловсруулж танилцуулав.

Зам тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн зураг төсөл боловсруулах төслийн хүрээнд тус чиглэлд мэдээлэл холбооны шугам эзэмшдэг, ашигладаг компаниудаас мэдээлэл холбооны шугамын мэдээлэл авч нэгтгэн тус яаманд хүргүүлсэн. Мөн сүлжээ эзэмшигч бүхий байгууллагуудад тус төслийн багтай хамтран ажиллах зөвлөмж хүргүүлсэн.

Барилга, хот байгуулалтын сайдын 43 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын хэсэгт тус газраас ажиллаж, харилцаа холбооны салбарын мэдээллийг нэгтгэн гаргаж байна.

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн нөөц сүлжээ, сувгийн тоо, үнэ тариф, харилцан нөлөөлөлтэй холбоотой асуудлуудын талаар судалгааг хийж, дүгнэлт боловсруулсан. Дүгнэлтийн дагуу харилцан нөлөөлөл арилгах зорилгоор зурвасын шүүр нийлүүлэх төслийг боловсруулж, БНҮҮСангийн хөрөнгөөр суурилуулахаар ажиллаж байна.
Шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүй үлдсэн 32 сумаас 2 сумыг (Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, Говь-Алтай аймгийн Чандмань сум) шилэн кабелийн сүлжээнд холбохоор Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-тэй хамтран ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн шилэн кабелийн сүлжээ ороогүй сумдын харилцаа холбооны үйлчилгээний талаарх танилцуулга мэдээлэл бэлтгэж удирдлагуудад танилцуулсан. Ханх суманд үүрэн холбооны 3G сүлжээ нэвтрүүлэх, 10 суманд хайгуулын судалгаа хийх, хөдөө орон нутагт дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G сүлжээнд үүссэн радио долгионы харилцан нөлөөллийг арилгах тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн саналыг боловсруулан БНҮҮСАА-д хүргүүлэв.

Тус газраас 2012-2014 онуудад “Монкабель” ХХК-ийн гүйцэтгэн хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын холбооны сувагчлал шинэчлэл, худаг сувагчлалын цагирган сүлжээ байгуулах” TH-04/12 тоот төслийг 2013 онд хийсэн ажлын баталгаат хугацаа дууссантай холбогдуулан барьцаа санхүүжилтийг чөлөөлүүлэх баримт бичгийг Сангийн яаманд танилцуулан барьцаа хөрөнгийг чөлөөлж, “Монкабель” ХХК-ийн дансанд шилжүүлэв.

Монгол Улсын мэдээлэл холбооны сүлжээнд холбогдсон болон холбооны бүх төрлийн үйлчилгээ авч буй аймаг, сум, баг, суурин газруудын судалгааг үүрэн холбооны оператор компаниуд болон Монголын Цахилгаан Холбоо ХК, Монгол Шуудан ХК-иудаас авч үйлчилгээний төрөл, үйлчилгээ нэвтэрсэн огноо, дамжуулах сүлжээний төрлөөр нарийвчилсан судалгаа авч нэгтгэж байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЗТХЯ-аас хэрэгжүүлж буй “Ухаалаг тээврийн хэрэгслийг хөгжүүлэх” төслийн багтай уулзалт зохион байгуулж, шаардлагатай мэдээллээр төслийн багийг хангаж ажиллаж байна.

Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай ажилладаг ба дараах ажлуудыг хийгээд байна. Үүнд:

  • Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2011-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах төслийн уулзалтад оролцож, 2018 оны сургалтын төлөвлөгөөнд Харилцаа холбооны хиймэл дагуулын чиглэлээр сургалт авах саналыг оруулж тусгуулсан.
  • “Гишүүнчлэлийн бодлого болон журам”, “Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам”, “Санхүү, төсвийн тооцооллын аргыг сайжруулах” зэрэг баримт бичгүүдийн төслүүдэд санал хүргүүлж, тусгуулсан.
  • Хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Хиймэл дагуулын мэдээг хамтран ашиглах” сэдэвт сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Цаг уур, орчны шинжилгээний газрын Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр зохион байгуулав.
  • Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас зарласан “Сансар-ирээдүйн гэр” сэдэвт өсвөр насныхны эссэ бичлэгийн уралдаанд нийслэлийн 23 дугаар сургуулийн найман хүүхдийн материал ирсэнийг уралдааныг зохион байгуулах комисст илгээсэн бөгөөд тэдгээрээс 5 нь эхний шатанд шалгараад байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн вэб порталын модулиуд хөгжүүлэлт төслийн гүйцэтгэгч “Интерактив Би Ай” ХХК болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан уулзалтыг зохион байгуулж 6 үйлчилгээний холболтыг туршихаар ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг зам, тээвэр, газрын харилцаа, барилга хот байгуулалт, эрчим хүчний дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай уялдуулах чиглэлээр эрх зүйн орчны судалгаа хийж, сайжруулах ажлын хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагдах мэдээлэл, харилцаа холбооны шугам сүлжээг шалгах хяналтын хуудас болон барилга байгууламжийн харилцаа холбооны шугам сүлжээний угсралтын ажлыг шалгах хяналтын хуудсыг тус тус боловсруулан санал авахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн.

Хиймэл дагуулын төслийн техникийн нөхцөл шаардлагыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж боловсруулан, Сансрын үндэсний зөвлөлд танилцуулахаар бэлдээд байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас Монгол Улсад хуваарилагдсан сансрын байрлалыг хамгаалах ажлыг тогтмол хийж байна. ITU-SNS мэдээллийн санд тогтмол мониторинг хийдэг.

Хил орчмын радио давтамжийн зохицуулалтын асуудлаар ОХУ-тай 09 дүгээр сард, БНХАУ-тай 08 дугаар сарын 01-нээс 03-ны өдрүүдэд уулзалтыг товлон, ХХЗХ-той хамтран бэлтгэл ханган ажиллаж байна.

“Гамшгийн үеийн суурин холбооны хүртээмжийг сайжруулах зорилгоор” Онцгой байдлын ерөнхий газар, Монголын цахилгаан холбоо ХК-тай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичгийн төслийг боловсруулаад байна.

ОХУ-ын Радио давтамжийн төвөөс ирүүлсэн Монгол-Орос улсын хилийн бүс орчимд ФМ станц байгуулах тухай МС-3093, МС-3106, МС-3208 албан тоотуудад холбогдох хариу хүргүүлсэн.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын агаарын кабель шугамыг сувагчлалд үе шаттай шилжүүлэх судалгааны ажил хийх, журам боловсруулан хэрэгжүүлэх” ажлын хэсэгт холбогдох мэргэжилтэн ажиллаж байна.

МХС ТӨХХК-ийн Үндсэн сүлжээний газрын Наран төвийн техникийн өргөтгөл, технологийг шинэчлэх судалгаа, төлөвлөгөөг МХС ТӨХХК-тэй хамтран боловсруулж байна.

“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-оос ирүүлсэн интернэтэд үнэ төлбөргүй холбуулах хүсэлтийн дагуу Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сантай хамтран “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн интернэт үйлчилгээнд холбохоор ажиллаж байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын шугамаар хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх” төслийн төр, төрийн бус байгууллагын хамтарсан зохицуулах зөвлөлийн уулзалтад оролцож, олон нийтийн мэдээллийн хүртээмжийн талаар ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт семинарын хөтөлбөр боловсруулаад байна.

Батлан Хамгаалахын Их Сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өнөө ба ирээдүй-2017” эрдэм шинжилгээний хуралд “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” сэдвээр илтгэл, танилцуулга хийж оролцсон.

Хоёр. Мэдээллийн технологийн салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, нийгэм, эдийн засгийн хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

Газрын даргын 2016 оны А/28 дугаар тушаалаар байгуулагдсан “Цахим засгийн тухай”, “Өгөгдөл хамгаалах тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хууль боловсруулах тандан судалгаа хийх зорилгоор бусад улс орнуудын ижил төстэй хуулиудыг судалж байна. Мөн УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Өгөгдөл хамгаалах тухай хууль”-ийг тусгуулсан.

Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн A/02 дугаар тушаалаар “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангаж, тоон гарын үсгийг үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлэх үүрэг бүхий ТатЕГ, ОӨУБЕГ, ГЕГ, ЭМНДЕГ, ТӨБЗГ, НМТГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөх, тоон гарын үсгийг олгох www.esign.gov.mn вэб хуудасны бүтэц, контентийг бэлтгэж, агуулгын дагуу хийж гүйцэтгэхээр Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран ажиллаж байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийг цахим хэлбэрээр худалдан авах үйл ажиллагаанд буюу төрийн үйлчилгээнд нэвтрүүлж ажилласан анхны байгууллага болсонтой холбогдуулан “Батламж” олголоо. Мөн ажлын хэсэгт ажиллаж буй оролцогч байгууллагын үйл ажиллагаанд цахим гарын үсгийг нэвтрүүлж байгаа явцын талаарх тайланг хүлээн авч, нэгтгэж байна.

“Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулахаар хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлоод байна.

“Цахим засаг” үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан нээлттэй өгөгдлийн өнөөгийн байдлын судалгааг хийж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 54 дүгээр тушаалаар байгуулагдсан төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, чиглүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт тус газраас ажиллаж байна.

Захиргааны байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад цахим хэлбэрээр шуурхай хүргэх зорилгоор “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах журам”-ыг боловсруулж Засгийн газрын 2017 оны 159 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.

Төрийн үйлчилгээг цахим машин ашиглан иргэдэд хүргэхэд мөрдөх журмыг шинэчлэн боловсруулж “Төрийн үйлчилгээний цахим машины ашиглалт үйлчилгээний журам” болгон газрын даргын 2017 оны А/08 дугаар тушаалаар баталсан. Уг журмын дагуу ЭМНДЕГ, ОӨУБЕГ, Монголбанкны нэр бүхий 7 үйлчилгээг ТҮЦ машины үйлчилгээнд нэмэхээр холбогдох зөвшөөрлийг олгож, Үндэсний дата төв УТҮГ уг үйлчилгээг ТҮЦ машины системд холбохоор үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Газрын даргын 2016 оны A/61 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн мэдээлэл солилцооны системийн талаар баримтлах бодлогын чиглэл”-ийн хүрээнд Үндэсний дата төв УТҮГ-аас “Хур” төрийн мэдээлэл солилцооны системийн туршилтын хувилбарыг гаргаад байна. Энэхүү системийг нэвтрүүлснээр төрийн байгууллага хооронд мэдээллийг түргэн шуурхай солилцох, төрөөс иргэдэд үзүүлэх цахим үйлчилгээг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газарт иргэний цахим үнэмлэхэд 2048 битийн тоон гарын үсгийн гэрчилгээ суулгах туршилтын ажлыг 2017 оны 05 дугаар сард амжилттай хийж туршлаа.

“Тоон гарын үсгийн нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-ийн 3.8 дахь заалтыг үндэслэн тус газраас Үндэсний Дата Төв УТҮГ-т Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон. ҮДТ УТҮГ төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын журмыг боловсруулан баталсан. Тус газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн А/36 дугаар тушаалаар байгуулсан “Нийтийн түлхүүрийн дэд бүтцийг ашиглах бодлогын чиглэл, холбогдох журмын хэрэгжилтэд санал, дүгнэлт гаргах” ажлын хэсэг төрийн байгууллагуудад тоон гарын үсэг олгох үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр олгох дүгнэлт гаргаж, төрийн байгууллагуудад Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай бүртгэлийн нэгжийн гэрээ байгуулан тоон гарын үсэг олгох нөхцөлийг бүрдүүлээд байна. Үндэсний нийтийн түлхүүрийн тоон гарын үсгийн хэрэглээг олон нийтэд хүргэх, түүний ач холбогдлыг таниулан сурталчлах зорилго бүхий видео шторкыг телевизийн зарим сувгуудаар олон нийтэд хүргэх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т тус тус хүргүүлж, уг мэдээллийг олон нийтэд хүргэж эхлээд байна.

Тус газраас төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэх талаар төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн бөгөөд албан хаагчдад зориулан байгууллага тус бүр дээр тоон гарын үсгийн талаар ойлголт өгөх, хэрэглээг нэвтрүүлэх чиглэлээр танилцуулга сургалт хийж байна. Төрийн албан хаагч, албан тушаалтнууд тоон гарын үсэгтэй болсноор албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах боломж бүрдэнэ.

Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журмыг боловсруулж Засгийн газрын “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам” 2017 оны 111 дүгээр тогтоолоор батлуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон тус газрын даргын 2017 оны А/25, A/29 дүгээр хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, улсын хэмжээнд төрийн байгууллагууд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж буй програм хангамжийн судалгаа хийж, цахим хэлбэрээр архив, албан хэрэг хөтлөлтийг зохион байгуулах програм хангамжийн нийтлэг шаардлагыг боловсруулаад байна. Мөн цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нэгдсэн системийн үндсэн архитектур, шаардлагыг боловсруулсан.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хамтран хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах чиглэлээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг боловсруулж, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2017/34/02 дугаар Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.

Тус газраас Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо /MOСA/ болон Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсад мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгох зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Мэдээллийн технологийн аудитын тогтолцоо, эрх зүйн орчныг бий болгох нь” семинарыг зохион байгуулав. Уг арга хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 120 гаруй албан хаагчид оролцож, аудитын тогтолцоог бий болгох чиглэлээр зөвлөмж гаргалаа. Мөн Харилцаа холбооны тухай хуулинд дүн шинжилгээ, тандан судалгаа хийх ажлын хэсэгт тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Мэдээллийн технологийн Аудитын эрх зүйн зохицуулалтын талаар тусгуулахаар саналаа хүргүүлэв.

Төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад мэдээллийн технологийн хөгжлийг төрийн байгууллагын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй мэдээллийн аюулгүй байдлын асуудлуудыг тодорхойлох, мэдээллийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор “GovSec-2017” уулзалт өдөрлөгийг Үндэсний дата төв УТҮГ болон холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Уг уулзалт өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй албан хаагчийг хамрууллаа. Тус арга хэмжээний үеэр Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн биелэлт үр дүн, Засгийн газрын 2011 оны 312 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, уулзалт өдөрлөгөөс гарсан зөвлөмжийг боловсруулаад байна.

“Монголын электрон тоног, төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-тай хамтран “Өндөр технологийн аж үйлдвэрийн парк байгуулах” арга хэмжээний хүрээнд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого боловсруулах чиглэлд уг төслийг тусгуулахаар саналаа Үндэсний хөгжлийн газарт хүргүүлээд байна.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА)-той хамтран Ази номхон далайн орнуудын тооцоолон бодох үйлдвэрлэлийн ASOCIO олон улсын байгууллагатай цаашдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор тус байгууллагын гишүүн орнуудын төлөөлөл болон Үндэсний програм хангамж үйлдвэрлэгч байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан “ASOCIO Multilateral Trade Meeting” уулзалт арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран төрийн албан хаагчдын цахим засаг, мэдээллийн технологийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, цахим засгийн шийдлүүдийг танилцуулах зорилгоор төрийн 54 байгууллагыг хамруулан GOVTECH-2017 чуулганыг 04 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгууллаа. Чуулган нь хэлэлцүүлэг, цахим засгийн үзэсгэлэн гэсэн 2 хэлбэртэй ба хэлэлцүүлгийг төрийн мэдээллийн систем, төрийн мэдээллийн дэд бүтэц, төрийн дата менежмент, төрийн мэдээллийн аюулгүй байдал гэсэн 4 чиглэлээр явуулав. Хэлэлцүүлэгт тус газраас “Монголын цахим засаглалын хөгжлийн бодлого” сэдвээр танилцуулга хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний А/183 дугаар тушаалаар байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжид үнэлгээ хийх ажлын хэсэгт ажиллан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2017-2020 онд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн мэдээлэл авах хүртээмжийг үнэлэх судалгааг тус яам болон холбогдох байгууллагуудтай хамтран хийлээ.

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн www.ezasag.mn цахим хуудсыг ашиглан ЦЕГ-ын Лицензийн төвийн жолооны үнэмлэх солиулах үйлчилгээний төлбөрийг цахимаар хийх ажиллагааг шалган туршлаа. Системд жолооны үнэмлэх солиулах хүсэлтийг илгээж, үйлчилгээний төлбөр төлөх туршилтыг Голомт банкны карт ашиглан хийсэн нь амжилттай болсон. Дараагийн шатанд жолооны үнэмлэхийг хэвлэж шуудангаар иргэнд хүргэх ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Их Британи, ХБНГУ, ОХУ, Швед, БНХАУ, Европын холбооны мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн судалгааг хийж, УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралд Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд тус газраас өгсөн саналын талаар танилцуулга хийсэн. Мөн Кибер аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, халдлагыг таслан зогсоох чиглэлээр хийж байгаа ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг бэлтгэж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярт салбарын хууль эрх зүйн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал болон тэдгээрийг шийдвэрлэх арга зам, хамрах хүрээ зохицуулалтын талаарх ерөнхий зураглал, мэдээллийн аюулгүй байдал, энэ чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлага болон хуулийн төсөлд тусгах саналуудаа танилцууллаа.

Мэдээллийн технологийн талаар тулгамдаж буй хууль эрх зүйн асуудлуудыг тодорхойлох, тандан судалж дүгнэлт гаргах дэд ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг Удирдлага тогтолцоо, мэдээллийн технологийн аудит, цахим мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалах, цахим засаг, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, шинэ технологи, хүний нөөц гэсэн чиглэлээр судалгааг хийж, дүгнэлт боловсруулж байна.

Мэдээллийн технологийн үндэсний паркийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай уулзалт хийж, дүрмийн төсөлд санал оруулаад байна. Мөн тус паркийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд санал өгсөн.

Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан авлигын эсрэг зарим орнуудын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шийдлүүдийг судалж танилцуулга бэлтгэн, Авлигатай тэмцэх газраас 01 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсан Авлигын эсрэг үндэсний чуулганд танилцуулсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд тус газрын эрхлэх үйл ажиллагааны хүрээний асуудлаар тусгуулах санал болон уг хөтөлбөрийн “4.1.2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжүүлэх төслийн танилцуулга бэлтгэж Авлигатай тэмцэх газарт хүргүүлэв.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэнд Аудитын ерөнхий газраас шалгалт хийсэн бөгөөд хэрэгжүүлсэн төслүүдийн талаар танилцуулав.

Тус газар болон ХХЗХ-ны дарга нарын хамтарсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/18, А/50 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсад цахим засгийг хөгжүүлэх төрийн цахим бүтээгдэхүүн үйлчилгээг байгууллага, иргэн аж ахуйн нэгжүүдэд ил тод хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, мэдээллийн технологид тулгуурлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог оновчтой болгож уялдаа холбоог сайжруулах шийдлийг боловсруулахаар ажиллаж байна.

Үндэсний хөгжлийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй УИХ, Засгийн газрын тогтоол, үндэсний хөтөлбөр болон ЗГҮАХ, Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр боловсруулах үндэсний хөтөлбөрийн талаарх танилцуулга мэдээллийг бэлтгэж, тус газарт хүргүүлсэн.

Өмнөговь аймгийн Засаг даргын хүсэлт, ҮДТ УТҮГ-ын техникийн дүгнэлтийг үндэслэн тус аймгийн Цогтцэций сумын орон нутгийн хөрөнгөөр худалдан авсан цахим машиныг Төрийн үйлчилгээний цахим машины системд холбох зөвшөөрлийг олгосон. Мөн Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус төвд ТҮЦ машиныг шилжүүлэн байршуулах зөвшөөрлийг олгосон.

БНСУ-ын Үндэcний мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих агентлаг /NIPA/-аас ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч, уулзалт зохион байгуулан мэдээллийн аюулгүй байдлын талаарх хууль эрх зүй, өнөөгийн байдлын талаар танилцуулга хийж, цаашид дээрх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Монгол банкны дэргэдэх “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн удирдах зөвлөлийн хуралд оролцож, төслийн 2016 оны үйл ажиллагааны тайлан болон 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан.

Гурав. Радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, нийгмийн мэдээллийн сүлжээ, цахим хуудас, контент, цахим боловсролын чиглэлээрх бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, мэдээлэл түгээх дэвшилтэд технологийг нутагшуулах, хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах ажлын хүрээнд:

“МУ-ын Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгуулахаар дараах 2 төслийн танилцуулгыг хүргүүлсэн. Үүнд: 1. Мэдээллийн технологийн энтрепренер бэлтгэх төсөл 2. Интернэт тоон контент хөгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх төсөл Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ний А/30 дугаар тушаалаар байгуулагдсан “Тоон контентийг дэмжих” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж тус үндэсний хөтөлбөрийн үндэслэл шаардлага, өнөөгийн бодлого зохицуулалт, тулгамдаж буй асуудал, холбогдох тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх зорилгоор ажлын хэсгийн гишүүд 3 багт хуваагдаж судалгааг хийсэн. Одоогийн байдлаар нийтлэг үндэслэл болон нэр томъёо, агуулга, үйл ажиллагааны ангиллыг тодорхойлон үндэсний хөтөлбөрийн төслийн анхны хувилбарыг боловсруулаад байна.

Газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан Радио, телевизийн үндсэн сүлжээний үйлчилгээг сайжруулах талаар журмын төсөл, “Радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” ТЭЗҮ боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг нь нийт 3 удаа хуралдаж ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулахаар олон улсын болон Монгол Улсын радио өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдал, хэрэглэгчийн болоод дамжуулах станцын тоног төхөөрөмж, станцын цацаргалтын хамрах хүрээ гэх мэт судалгаа, туршилтуудыг хийлээ. DAB+ стандарт, DRM30 стандарт гэсэн хоёр хувилбараар ТЭЗҮ-ийн төслийг боловсруулан даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Мөн радио өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх ажлыг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр МҮОНРТ-тэй хамтран ажиллаж байна.

Газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн А/57 тоот тушаалаар “Бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгох” үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тоон бичиг үсгийн боловсролын чиглэлээр олон улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээний талаар мөн манай улсын хүн амын тоон бичиг үсгийн чадварын өнөөгийн түвшинг тодорхойлох, бүх нийтийг хамарсан судалгаа хийх боломжийн талаар судалж байна.

Төрийн байгууллагуудад нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах ерөнхий заавар боловсруулах ажлын хүрээнд Засгийн газрын бүх яам, агентлагын ажилчдын дунд “Нийгмийн мэдээллийн сүлжээний хэрэглээ”-ний өнөөгийн байдлын судалгааг хийж, үр дүнг нь нэгтгэсэн. АНУ, Энэтхэг, Шотланд зэрэг бусад орнуудын туршлага, судалгаанд үндэслэн Төрийн байгууллагуудад нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглах ерөнхий зааврын төслийг эхний байдлаар боловсруулаад байна. ЮНЕСКО МҮК-оос байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн стратеги, төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах мэдээ, мэдээллээр ханган мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлын хэсэг”-ийн хуралд тус газраас оролцож “Контент” сэдвийн талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл хийж санал солилцов.

Аймгийн төвийн ТВ программыг сумын төвд дамжуулах техник боломжоор хангах төслийн хүрээнд Аймгийн төвийн ТВ программыг сумын төвд дамжуулах техник боломжоор хангах төслийн мэдээлэл, танилцуулгыг боловсруулаад байна. ХХЗХ-той хамтран аймгийн төвийн телевизийн сувгийг сумын төвд дамжуулах техникийн боломжийг Төв аймгийн тоон телевизийн дамжуулах станц дээр судалсан.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зохион байгуулсан “Орон нутгийн телевизийн удирдах ажилтнуудад зориулсан семинар”-т “Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон. “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос ирүүлсэн агаарын бохирдлыг бууруулах талаар 6 минутын сурталчилгаа болон баримтат нэвтрүүлгийг арилжааны 16 телевизээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, дамжуулалтын хуваарийг нэгтгэн тус хороонд хүргүүлсэн.

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглээг бий болгох, төлөвшүүлэх талаар санал боловсруулж хүргүүлсэн.

“Яам, Засгийн газрын агентлагууд цахим хуудсыг монгол, англи хэлээр хөтлөх тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Засгийн газрын агентлаг, яамдад “Цахим хуудсыг монгол, англи хэлээр хөтлөх” чиглэл бүхий албан тоот хүргүүлэн, хяналт тавин ажиллаж байна.

Тус байгууллагаас улсын төсөвт хүргүүлсэн боловч санхүүжилт олдоогүй төслүүдийн танилцуулгыг гарган Үндэсний хөгжлийн газарт хүргүүлэв. Үндэсний хөгжлийн газраас бүх салбаруудын эдгээр төслүүдийг нэгтгэн ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон бөгөөд шаардлагатай мэдээллээр хангах болон бусад ажлууд дээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.

Монгол контентийн платформ хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай уулзаж, санал солилцов. “Монголын телевизүүдэд хууль хэрэгтэй юу” сэдвээр зохион байгуулсан “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлэгт тус газраас оролцож мэдээлэл хийсэн.

“Өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал“ сэдвээр НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, “Монгол контент” ХХК болон “Креатив воркшоп” ХХК зэрэг байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа “Hacking for Youth Health” хакатон тэмцээнд тус газраас оролцов. НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл Канадын Waterloo их сургуулийн профессор Морита, Queen’s их сургуулийн профессор Дэвисон нартай уулзаж харилцан мэдээлэл солилцсон.

“МХХТ-ийн энтрепренёруудыг хөгжүүлэхэд шаардагдах дотоодын нөөц боломжийн судалгаа хийх” ажлын хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж Энтрепренёруудыг хэрхэн нээн илрүүлэх, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон.

ЦЕГ-ын ЭЦА-ны удирдлагуудтай уулзаж, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, гэмт хэрэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжийн талаар харилцан мэдээлэл солилцон, цаашид хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлов.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.

Дөрөв. Төрийн захиргаа болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгууллагын санхүүг эрхлэх, салбарын стандартчиллыг хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, дотоод аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, статистик мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажлын хүрээнд:

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэгт шаардлагатай мэдээ материалыг гаргаж, холбогдох хэлтэс, албадыг шалгалтын комисстой холбон ажиллаж байна. Тус шалгалтын хүрээнд 2015-2017 оны гадаад, дотоод албан бичиг, тушаал шийдвэр, албан хаагчдын ХАСУМ, ХАСХОМ-тэй холбоотой тайлан, бүртгэл, мэдээг гарган мэдээллээр ханган ажиллаж байна.

Төрийн жинхэнэ албан тушаалын 2 сул орон тоо болон удирдах албан тушаалтны төрийн жинхэнэ албан хаагчийн 1 сул орон тоон дээр анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөх зорилгоор “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам, заавар”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллаж, шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн болон тус газрын цахим хуудсанд тус тус байршуулж, шалгалтанд тэнцсэн албан хаагчдыг газрын даргын тушаалаар томилоод байна. Удирдах албан тушаалтны 2 ажлын байран дээр Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулан шалгалтанд тэнцсэн тул газрын даргын тушаалаар томилов.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 110 дугаар тогтоолоор “Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын сүүлийн Ням гараг” болгон өөрчлөлт орууллаа.

“Холбооны анхны байшин”-гийн талаар авах арга хэмжээний саналыг боловсруулан шийдвэрлүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан ЗГХЭГ-т хүргүүлэв.

Байгууллагын санхүүгийн тайлангийн Дуусаагүй үйлдвэрлэл дансанд бүртгэлтэй хэрэгжиж дууссан төслүүдийг ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөх талаар Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай хамтран ажиллаж байна.

Хагас жилийн байдлаар Хүн амын орлогын албан татварын тайланг гарган холбогдох нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэв.

Элэгдэл нь дууссан болон ашиглах боломжгүй хөрөнгийн жагсаалтыг гаргаж Өмч хамгаалах комиссын хурлаар оруулж, актлуулах хөрөнгийг журмын дагуу бэлтгэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэв.

Дээд шатны байгууллагын тогтоол, шийдвэр, захирамжийн хэрэгжилтийн тайлан гарган Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, биелэлтийг “Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим систем” /unelgee.gov.mn/-д байршуулж, ЗГХЭГ-т хүргүүллээ.

Газраас хийсэн ажлын тайланг бүх хэлтэс, албадуудаас авч, нэгтгэн удирдлагад танилцуулан, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт цаг хугацаанд нь тайлагнаж байна.

Монгол Улсын 2014 оны “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас боловсруулсан Засгийн газрын тогтоолын төслийн хавсралтад харилцаа холбоо, мэдээллийн технологийн 24 нэр төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг тусгуулах талаар Сангийн яам, Гаалийн ерөнхий газруудтай хамтран ажиллаж албан тоотыг ЗГХЭГ-т хүргүүллээ.

Тус газраас 2017 онд хяналт тавьж ажиллах хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон тэдгээрт туссан зорилт, арга хэмжээний жагсаалтыг гаргаад байна.

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулав.

ЗГХЭГ, Дэлхийн банкны хамтарсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд тус газраас 2 мэргэжилтэн оролцов.

Тус газрын 2016 оны жилийн эцсийн тайлан баланс гаргаж холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд нь хүргүүлж ажилласан. Үндэсний аудитын газраас зөрчилгүй дүгнэлт авсан ба өгсөн зөвлөмжийг мөрдлөгө болгон ажиллаж байна.

Тус газрын Даргын зөвлөл хагас жилийн байдлаар нийт 5 удаа хуралдаж 21 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн.

Салбарын байгууллагуудаас ирсэн хүсэлтийн дагуу төрийн дээд шагналд тодорхойлсон материалуудыг хянаж холбогдох албан бичгийг боловсруулан УИХ-ын тамгын газарт тухай бүр уламжилж ажилласан. Тайлант хугацаанд нийт 3 удаагийн тушаалаар “Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан” тэмдгээр 72, Жуух бичиг 35, Хүндэт холбоочин 3, Шуудангийн тэргүүний ажилтан 3 албан хаагчийг шагнаж урамшуулсан байна.

Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв”-д харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын байгууллагуудад хандан иргэдээс ирүүлсэн гомдол саналыг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж хуулийн хугацаанд багтаан шийдвэрлүүлж байна.

Тус газарт 2017 оны хагас жилийн байдлаар албан хаагчид, иргэд, байгууллагаас нийт 38 өргөдөл, гомдол ирснээс 37 өргөдөл, гомдлыг хянан хугацаанд нь шийдвэрлэлээ.

Байгууллагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх мэдээллийг гэрэл зургийн хамт байгууллагын цахим хуудсанд тогтмол байршуулж, иргэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж, тайлант хугацаанд нийт 556 дотоод, 136 гадаад албан бичгийг журмын дагуу бүртгэн удирдлагад танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулав. Нийт 50 албан бичгийг англи хэлээр, 561 албан бичгийг монгол хэлээр тус тус бэлтгэн холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллалаа.

Байгууллагын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд:

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас гишүүн орнууд өөрийн нутаг дэвсгэрээс гадна бусад улс орнуудад салбар, нэгжийн үйл ажиллагаа харилцан эрхлэх бодлого, дүрэм журмыг бусад орнуудад танилцуулах, нээлттэй болгох зорилгоор ETEOs-ийн судалгаа явуулдаг бөгөөд дээрх судалгааны хариуг тус байгууллагад хүргүүллээ.

“Байгууллагын гадаад албан томилолтоор ажиллах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлууллаа. Гадаад албан томилолтоор ажиллах албан хаагчдад журмын талаар танилцууллаа.

ГХЯ-аас ирүүлсэн 2017 оны 10/2537 тоот албан бичгийн дагуу тус газрын болон харьяа, салбар байгууллагуудаас цахим албан паспорт эзэмшиж буй ажилтан, албан хаагчдын судалгааг гарган хүргүүлэв. Салбар байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан нийт 26 албан хаагч цахим албан паспорт эзэмших эрхтэй байна.

Сансрын технологийн салбарт ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхийг сайжруулах зорилгоор АНДСХАБ-аас БНХАУ-ын Бэйханг их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр Доктор (DOCSTA), Магистр (MASTA)-ийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тус газраас “Зайны тандан судалгаа ба газар зүйн мэдээллийн систем”, “Байршил тогтоох хиймэл дагуулын систем”, “Бичил хиймэл дагуулын технологи”-ийн чиглэлээр цахим хуудсаараа нээлттэй зарлаж, 2 шатны сонгон шалгаруулалтыг АНДСХАБ болон Бэйханг их сургуультай хамтран зохион байгуулж ажиллалаа.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Шинжун тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. АНДСХАБ-ын төлөөлөгчид Тус байгууллагын үйл ажиллагаа, зорилго зорилт, гишүүнчлэлийн дүрэм журам, холбогдох төсөв санхүүгийн тогтолцоо, түүний аргачлалын тухай танилцууллаа.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийг 2017-2019 онд Монгол Улс даргалахтай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хурлын даргын чиг үүрэг, оролцоо зэрэг асуудлаар зөвлөмж өгч, санал солилцлоо. ХХМТГ-ын дарга Б.Чинбат төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр байгууллагын хоорондын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх хүрээнд харилцаа холбооны хиймэл дагуулын радио давтамжийн чиглэлээр гишүүн орнууддаа сургалт зохион байгуулах, мэргэшлийн сургалт, хөтөлбөрт хамруулах, АНДСХАБ-ын үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд нээлттэй болгох чиглэлээр оюутан залуус, хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээг өргөжүүлэх зэрэг санал тавьлаа.

Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын дэмжлэгтэйгээр 2018-2020 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, сургалт, арга хэмжээний тухай саналыг боловсруулан тус байгууллагад хүргүүллээ.

Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдрийг тохиолдуулан 2017 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага” сэдэвт сургалт, семинарыг тус газар ОУЦХБ /ITU/ болон ХХЗХ, ҮСХ-той хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалт, семинараар харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын аж, ахуйн нэгж байгууллага, мэдээлэл боловсруулагч болон хэрэглэгч нарт статистикийн үзүүлэлт, тэдгээрийн ойлголт, тодорхойлолт, статистик үйл ажиллагааг зохицуулах шилдэг туршлага, өгөгдөл цуглуулах, түгээх арга, процедур, мэдээллийн нууцлал хамгаалалт зэрэг сэдвийг хамарсан хэлэлцүүлэг явуулсан.

Сургалт семинар нь нийт 10 сэдвийн хүрээнд явагдаж төр, хувийн хэвшлийн 64 байгууллагууд болон их, дээд сургуулиудын 120 орчим төлөөлөгч хамрагдлаа. Зочин илтгэгчээр ОУЦХБ-ын ахлах статистикч Эсперанза Магпантай, тус байгууллагын Ази, номхон далайн бүсийн офисын Хөтөлбөрийн зохицуулагч Висит Атипаяакүүн болон зөвлөх Хок Ин Коая нар оролцов.

ОУЦХБ-аас “Мобиком” ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй цахим төлбөр тооцооны туршилтын төслийн явцтай танилцах зорилгоор Монгол Улсад 2017 оны 06 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд ажилласан ОУЦХБ–ын Харилцаа холбооны хөгжлийн товчооны Зохицуулалт, зах зээлийн орчны хэлтсийн дарга Софи Маддэнс болон Ази, номхон далайн бүсийн офисын хөтөлбөрийн зохицуулагч Ашиш Нараяан нар тус байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар “Мобиком” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн талаар танилцуулж цаашид Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагын Удирдах зөвлөлийн 45 дахь, Ашиглалтын хорооны 20 дахь ээлжит хамтарсан хуралд тус газраас оролцлоо. Энэ удаагийн хурлаар тус байгууллагын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөө, хэрэгжилттэй танилцаж, гишүүн орнуудад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, улс орнуудын салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай хэлэлцүүлсэн. Түүнчлэн “Интерспутник” олон улсын сансрын холбооны байгууллагын Удирдах зөвлөл болон Ашиглалтын хорооны 2018 оны хамтарсан хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэснийг бусад гишүүн улсуудад мэдээллэв.

Тайлант хугацаанд гишүүнчлэл бүхий олон улсын байгууллагуудаас тогтмол зохион байгуулагддаг дараах томоохон арга хэмжээнд холбогдох албан хаагчдыг хамруулах ажлыг зохион байгуулж, удирдамж зөвлөмжөөр ханган ажиллалаа. Үүнд:

  • АНДЦХБ-ын “Ази, номхон далайн улс орнуудын Стандартчиллын хөтөлбөрийн 28 дугаар чуулган /ASTAP-28/”;
  • АНДЦХБ-ын “Утасгүй холбооны ажлын хэсэг”-ийн 21 дүгээр хурал (AWG-21);
  • АНДЦХБ-ын ОУЦХБ-ын “Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн 2017 оны чуулга уулзалт”-ын Ази, номхон далайн бүсийн 3 дугаар бэлтгэл хурал (APT WTDC17-3) болон ОУЦХБ-ын Дэлхийн хөгжлийн 2018 оны чуулга уулзалтын Ази, номхон далайн бүсийн анхдугаар бэлтгэл хурал (APT PP18-1) зэрэг болно.

БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбоо, хэтийн төлөвлөлтийн яамнаас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус газарт мэдээлэл, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай саналыг ирүүлсэн бөгөөд Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал боловсруулан Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Хамтран ажиллах саналын хүрээнд 4 чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр саналаа хүргүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академитай хамтран 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрүүдэд “Цахим засаглал: Олон улсын туршлага” сэдэвт хоёр өдрийн сургалт семинарыг мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн 45 байгууллагуудын 100 гаруй албан хаагчдыг хамруулан зохион байгуулав. Сургалтад Цахим засаглалын академийн гүйцэтгэх захирал Арво Отт, БНЭУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, ахлах мэргэжилтэн Лийа Ханни, ахлах мэргэжилтэн Маргус Пууа, сургалт хариуцсан захирал Аннела Кийрац, Кибер аюулгүй байдал хариуцсан захирал Раул Рикк нар илтгэл тавьж, цахим засаглалыг нэвтрүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх, архитектур, дизайныг боловсруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар олон улсын бодит жишээ, туршлагаасаа хуваалцлаа.

Мөн дээрх арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчид болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, цахим засаглалын шинэлэг шийдэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд харилцан туршлага солилцох зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг төлөөлж газрын дарга Б.Чинбат, Цахим засаглалын академийг төлөөлж гүйцэтгэх захирал Арво Отт нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Цахим засаглалын академитай дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна. Үүнд:

  • Цахим засаглалын чадавхийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг дэмжих;
  • Цахим засаглалын шинэлэг шийдэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд харилцан туршлага солилцох;
  • Цахим засаглалын чиглэлээр хурал, зөвлөгөөн, сургалт семинар болон бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг болно.

БНФУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойг тохиолдуулан сансар судлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 2015 онд Францын ССҮТ-өөс харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Харилцан ойлголцлын 15 зүйл бүхий тус санамж бичгийн төслийг Гадаад харилцааны яам болон бусад холбогдох яамдад хүргүүлэн санал авч, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох өөрчлөлтүүдийг тусган эцсийн хувилбарыг бэлэн боллвсруулаад байна. Тус газраас дээрх санамж бичгийг энэ онд багтаан байгуулахаар БНФУ-ын ЭСЯ-тай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллаж буй инженер, техникийн ажилтан, програм хангамж хөгжүүлэгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх “Мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний TOPCIT шалгалт”-ыг Монгол Улсад нэвтрүүлэх зорилгоор ХХМТГ болон БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн хооронд 2015 оны 10 дугаар сард харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлогын судалгаа-хөгжил, мэргэжлийн стандарт, мэргэшлийн үнэлгээний тогтолцоог сайжруулах болон харилцан туршлага судлах, мэргэжилтэн солилцооны чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэх зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдрүүдэд БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Сан Хо Лий, дэд ерөнхийлөгч Шим Жанг Суп тэргүүтэй албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа. Айлчлалын үеэр мэдээллийн технологийн практик ур чадварын үнэлгээний TOPCIT албан ёсны анхны шалгалтыг төр, бизнесийн байгууллага болон их сургуулиудаас нийт 72 оролцогчийг хамруулан үнэ төлбөргүйгээр амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн хоёр байгууллагын хооронд 2015 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн, хугацааг дахин 3 жилээр сунгасан бөгөөд тус инситуциэс ХХЗХ, МТҮП болон салбарын их, дээд сургуулиудын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай нь танилцан цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо.

БНХАУ болон Монгол Улсын хооронд хилийн бүсийн орчимд радио давтамж ашиглах зохицуулалт хийх зорилгоор БНХАУ-ын Төрийн радио зохицуулалтын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөгчидтэй 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо уулзалт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Уулзалтад Монгол Улсын талаас ГХЯ, ТЕГ-ын ТХГ, ХХМТГ, ХХЗХ болон хөдөлгөөнт үүрэн холбооны операторуудын төлөөллүүд оролцоно.

БНСУ-ын KAIST GCC, ETRI байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулж манай улсын МХХТ-ийн өнөөгийн байдлын талаар илтгэл танилцуулга хийж, контентийн чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

БНСУ-ын Радио сурталчилгааны холбооны газартай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн уулзалтын хүрээнд тус газрын сургалтын төлөвлөгөө хариуцсан хэсгийн дарга Юн-Вүү Чунд хандан Харилцан ойлголцлын санамж бичгийг боловсруулахаар хамтран ажиллаж байна. БСШУСЯ-аас ирүүлсэн “Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн төсөл”-тэй танилцан төслийн “Радио, телевизийн салбарын хамтын ажиллагаа ба мэдээлэл” гэсэн бүлэгт саналаа боловсруулж хүргүүллээ.

Гадаадад сургалт, семинар бусад арга хэмжээнд оролцох ажлыг зохион байгуулах хүрээнд:

Тайлант хугацаанд нийт 15 гадаад арга хэмжээнд тус газрын 23 албан хаагчийг хамруулахаар гадаад албан томилолтын тушаалыг батлуулан ажиллалаа. Үүнд:

  • 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 10-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотноо зохион байгуулагдсан “Хиймэл дагуул- 2017” үзэсгэлэн хуралд;
  • АНДЦХБ-аас 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 11-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Ази, номхон далайн улс орнуудын Стандартчиллын хөтөлбөрийн 28 дугаар чуулган /ASTAP-28/”-д;
  • Токиогийн Шинжлэх ухааны их сургуулиас 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “AsiaBSDCon- 2017” зөвлөгөөнд;
    19
  • 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханновер хотноо зохион байгуулагдсан “Мэдээллийн технологи, цахилгаан холбооны үзэсгэлэн CeBIT-2017” арга хэмжээнд;
  • Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 30-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Олон улсын хурал, зөвлөгөөнд бэлтгэх нь” сэдэвт сургалтад;
  • Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас 2017 оны 04 дүгээр сарын 10-наас 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийн төлөвлөгөө” сэдэвт шинжээчдийн 3 дугаар уулзалтад;
  • Тайванийн олон улсын хамтын ажиллагааны холбооноос 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Тайвань улсад зохион байгуулагдсан “Цахим засаг” сэдэвт сургалтад;
  • АНДЦХБ-аас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 07-ны өдрүүдэд Тайланд улсын Бангког хотноо зохион байгуулагдсан “Утасгүй холбооны ажлын хэсэг”-ийн 21 дүгээр хуралд (AWG-21);
  • АНДЦХБ болон BNH холбооноос хамтран 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 17-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Ухаалаг нийгмийг бүрдүүлэхэд мэдээлэл, харилцаа холбооны технологийн үйлчилгээг ашиглах нь” сэдэвт сургалтад;
  • Тайванийн ОУХАХ-оос 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 28-ны өдрүүдэд Тайвань улсад зохион байгуулагдсан “Цахим засаг” сэдэвт сургалтад;
  • Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдах “Ази, номхон далайн цахим нийгмийн бодлого” 3 дахь удаагийн форумд;
  • Ази-Номхон далайн цахилгаан холбооны байгууллагаас 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан ОУЦХБ-ын “Дэлхийн харилцаа холбооны хөгжлийн 2017 оны чуулга уулзалт”-ын Ази, номхон далайн бүсийн 3 дугаар бэлтгэл хурал (APT WTDC17-3) болон ОУЦХБ-ын Дэлхийн хөгжлийн 2018 оны чуулга уулзалтын Ази, номхон далайн бүсийн анхдугаар бэлтгэл хуралд (APT PP18-1);
  • Ази, Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагаас 2017 оны 6 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Непал улсын ХБНАБУ-ын Катманду хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн үеийн удирдлага, харилцаа холбоо” сургалт зэрэг болно.

Олон улсын харилцаа холбооны хиймэл дагуулын байгууллага буюу ITSO-оос зохион байгуулж буй “Олон улсын харилцаа холбооны зохицуулалт ба бодлогын ерөнхий зарчим” сэдэвт сертификат бүхий 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд цахим хэлбэрээр явагдсан сургалтад тус газрын 6 албан хаагч хамрагдлаа.

Хууль эрх зүй, хяналт-шинжилгээний чиглэлээр:

  • Стандартчиллын 2017-2018 оны төлөвлөгөөнд тусгуулах болон Стандартчиллын техникийн хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай саналыг СХЗҮГ, ХХЗХ-нд хүргүүлсэн.
  • МТХХ-ны дэд бүтцийн чиглэлээр 2016 онд батлагдсан стандартуудыг мөрдүүлэх зорилгоор МХЕГ-ын Харилцаа холбооны байцаагчийн хяналтын хуудасыг шинэчлэхээр санал өгөв.
  • Мэдээлэл харилцаа холбооны Стандартын техникийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн 4 стандартын төсөлтэй танилцан холбогдох саналыг боловсруулж хүргүүлэв.
  • “МХХТ-ийн салбарын мэргэшсэн зэрэг олгох журам”, “Шалгалт авах журам”, “Бүтээлийн тайлан гаргах журам”-ыг судлан танилцаж журмыг нэгтгэх төсөл, холбогдох саналаа ХМТС-д хүргүүлэв.
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015, 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт арга хэмжээнээс тус газрын хариуцсан хэрэгжилт дутуу зорилт, бусад арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлийг гарган Үндэсний аудитын газарт хүргүүлэв.
  • “Цахим засаг”, “Өрх бүрт шуудан”, “Үндэсний хиймэл дагуул” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.
  • Тус газрын 2014-2015 онд хариуцан хэрэгжүүлсэн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн “МХХ-ны дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлт” төслийн гүйцэтгэлийн үнэлгээний тайлангийн төсөл хийх зөвлөмж, чиглэлийг холбогдох мэргэжилтэнд өгч, тайланд санал өгөв.
  • Тус газрын Улсын байцаагчийн эрхийг сунгуулах, шинээр байцаагч томилуулах тухай хүсэлтийг МХЕГ-т албан бичгээр хүргүүлж шийдвэрлүүлэв.
  • Телевизийн 10 сувгийн нэвтрүүлгийг орон даяар дамжуулах үйлчилгээний (ДДЭШ ХХК) эхний улирлын хэрэгжилтийг хянаж, ээлжит хэмжилт шалгалтаа хийж тайлан, дүгнэлтийг удирдлагуудад танилцуулав.
  • Телевизийн олон сувгийн дамжуулалтад хяналт тавих журмын төслийг боловсруулан, хэмжилт, шалгалтын тайлан дүгнэлтийн хамт Даргын зөвлөлийн хуралд танилцуулж, хурлын шийдвэрийн дагуу журмын төсөлд гишүүдээс гарсан саналыг тусган газрын даргын тушаалаар батлууллаа.
  • Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичиг, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” батлагдсантай холбогдуулан уг журмыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд тус газарт хамаарах зорилт, арга хэмжээнүүдийг хяналтандаа авч эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж тайлангаа Даргын зөвлөлийн хурлаар танилцуулан, ЗГХЭГ-т хүргүүлэв.
  • МУ-ын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төлөвлөгөөний тус газарт хамаарах зорилт, арга хэмжээг хяналтандаа авч эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ хийж Даргын зөвлөлийн хуралд танилцуулан, Сангийн яаманд хүргүүлэв.
  • Удирдлагаас өгсөн чиглэл, МТҮП-аас ирсэн гомдлын мөрөөр ажлын хэсэг байгуулан тус паркад шалгалт хийж дүгнэлт, зөвлөмж гаргаж удирдлагад танилцуулан холбогдох байгууллагад хүргүүлэв.

Статистик мэдээллийн чиглэлээр:

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын статистик мэдээллийн төрлийг нэмэгдүүлж олон улсын жишигт хүргэх, мэдээллийн зөрүүг арилгах, аргачлал, арга зүйг боловсронгуй болгох, харилцан мэдээлэл солилцох, судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус газар, ХХЗХ, ҮСХ-той “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгууллаа.
  • Мэдээлэл харилцаа холбооны салбарын захиргааны статистик мэдээллийн маягтыг шинэчлэх талаар судалгаа хийж байна.
  • Салбарын “Цагаан ном-2017” төслийг боловсруулж байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх