ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

 In Мэдээ мэдээлэл

Харилцаа холбооны салбарын Удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 21-нд Мэдээлэл технологийн үндэсний паркт боллоо. Зөвлөгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, “Радио телевизийн үндэсний сүлжээ” зэрэг байгууллагын төв болон хөдөө орон нутаг дахь нэгжийн удирдлагуудын нийт 115 хүн оролцов. Энэ үеэр “Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Харилцаа холбооны салбарын зохицуулалтын өнөөгийн байдал, чиг хандлага”, “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”  сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө. Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 2017 оныг “Салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн баригдсан “Өргөн нэвтрүүлгийн тухай” хууль, нэмэлт өөрчлөлт оруулах “Шуудангийн тухай”, “Радио долгионы тухай”, “Харилцаа холбооны тухай” хуулийн талаар мэдээлэл өгөв. Мөн цаашид авч хэрэгжүүлэх “Монгол контент”, “Цахим засаг”, “Мэдээллийн аюулгүй байдал”, “Бүх нийтийн тоон бичиг үсэгтэн”, “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийн тухай мэдээллийг салбарын удирдлагуудад өгсөн юм. Түүнчлэн Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Төрөөс мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025” баримт бичгийн талаар танилцууллаа.

Илтгэлд дурдагдсан зарим тоо баримтаас сонирхуулбал, Монгол Улсын 336 сум, суурин газрын 304 нь шилэн кабелийн холболттой болжээ. Улсын хэмжээнд ~120 Gbps транзит урсгал дамжуулж байгаа нь Ази-Европын нэгдсэн холболтын 0.2%-тай тэнцүү байна. Түүнчлэн НҮБ-ын Цахим засгийн хөгжлийн индексээр манай улс дэлхийн 192 орноос 84 дүгээр байрт жагсаж буй аж.