Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүллээ

 In Видео мэдээ, Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөөгийн иргэдэд харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг хүргэх зорилгоор ХХМТГ-ын харьяа Бүх Нийтийн Үйлчилгээний Үүргийн Сангийн хөрөнгөөр Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багт үүрэн холбооны 2G, 4G сүлжээг нэвтрүүлж нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ХХМТГ болон төслийн гүйцэтгэгч Юнител компанийн төлөөлөл оролцож ард иргэдэд шинэ үйлчилгээний давуу талыг танилцууллаа. Баянгол багийн иргэд өндөр хурдны интернэтэд холбогдож хүсэн хүлээсэн үйлчилгээг авах боломж бүрдсэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлж байна.

Энэхүү төслийн үр дүнд манай улсын алслагдсан багуудын нэг болох Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол багийн ард иргэд яриа, мессэжний үйлчилгээнээс гадна гар утас болон бусад хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийг ашиглан өндөр хурдаар өргөн зурвасын интернэтийн үйлчилгээг авах боломж бүрдэж, хөдөөгийн иргэд аюулгүй орчинд амьдрах, малчдыг мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг орон зайн тэгш бус байдлаас үл хамааран авах боломжоор хангах чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн онд Хэнтий аймгийн Дадал сумыг шилэн кабелийн сүлжээнд холбосноор тус аймгийн бүх сум өндөр хурдны сүлжээнд холбогдож, харилцаа холбооны дэвшилтэт технологийн үйлчилгээг авах боломж бүрдэж байсан бол өнөөдөр багийн түвшинд энэхүү боломж бүрдэж байгаараа онцлог үйл явдал боллоо.