ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ЦАХИМ ХАРИЛЦААГ АШИГЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТАЛЛАА

 In Видео мэдээ, Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хууль”-ийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлснээр баталлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2005 оны 60/21 дүгээр тогтоолоор баталсан энэхүү конвенц нь дэлхий нийтийн худалдаа, хамтын ажиллагааны цахим орчны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хил дамнасан цахим харилцаа, экспорт, импорт, олон улсын худалдааг дэмжихэд чиглэсэн эрх зүйн баримт бичиг болно. Өнөөгийн байдлаар энэхүү конвенцыг соёрхон батлах, нэгдэн орох, гарын үсэг зурах байдлаар нийт 24 улс хүлээн зөвшөөрөөд байгаагийн дотор манай олон талт хамтын ажиллагаатай улс орнууд болох ОХУ, БНХАУ, БНСУ багтаж байна.

Энэхүү конвенциор хил дамнасан цахим худалдааны бизнесийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүд хоорондын харилцаанд цахим болон цаасан суурьтай мэдээллийн эрх зүйн ижил тэнцүү чадамжтай байдлыг хангах, цахим хэлбэрээр үйлдсэн гэсэн үндэслэлээр аливаа харилцааны хууль зүйн хүчинтэй байдлыг үгүйсгэхгүй байх, цахим баримт бичгийг илгээх, хүлээн авах цаг хугацаа, оршин байгаа газрыг тодорхойлох зэрэг чухал зарчмуудыг тогтоосон болно.