“ТООН БИЧИГ ҮСЭГТЭН” СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БАГШ НАРЫН ГАРТ ОЧИХОД БЭЛЭН БОЛЛОО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хүүхэд залуусын цахим орчны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд зориулан 5 бүлэг 18 багц хичээл бүхий “Тоон бичиг үсэгтэн” сургалтын хөтөлбөрийг боловсруулсан нь дөнгөж хэвлэлтээс гарч, багш суралцагсдын гарт очиход бэлэн болоод байна. Тус газар нь 2018 онд Фэйсбүүк групптэй албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд бүх нийтэд цахим орчин, нийгмийн сүлжээний зөв зохистой, аюулгүй хэрэглээний мэдлэг, чадвар олгох чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Энэ хүрээнд  дээрх олон улсын чанартай сургалтын хөтөлбөрийг  “Faro Foundation Mongolia” төрийн бус байгууллагатай хамтран орчуулан боловсруулж, сургалтад ашиглахад бэлэн болгожээ.  Харилцан идэвхтэй хамтын оролцоонд тулгуурлаж явагдах энэхүү хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн 11-18 насны сурагчдад цахим орчинд хувийн аюулгүй байдлаа хангах,  нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 “Digital literacy library”  хэмээх олон улсын нэршил бүхий  “Тоон бичиг үсэгтэн”  сургалтын хөтөлбөрийг Фэйсбүүк компанийн захиалгын дагуу Харвардын их сургуулийн Беркман Клейн төвийн судлаач, эрдэмтэд боловсруулсан бөгөөд  одоогоор  дэлхийн 60 гаруй оронд амжилттай хэрэгжээд байна.

Дашрамд мэдээлэхэд “Тоон бичиг үсгийн боловсрол гэдэг нь мэдээллийг бий болгох, хайж олох, ойлгох, зохион байгуулах, нэгтгэх, үнэлэх, түгээхдээ тоон технологийг зохистой бөгөөд аюулгүй байдлаар ашиглах мэдлэг, чадвар, хандлагыг хэлэх бөгөөд үүнд компьютерийн хэрэглээний болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн мэдлэг, мэдээ мэдээллийг ялгаж таних чадвар, хэвлэл мэдээллийн боловсрол зэрэг ойлголтууд бүгд багтана.” хэмээн НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-оос албан ёсоор  тодорхойлжээ.