ХХМТГ-ын дарга Б.Чинбат “Dell” компанийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан төлөөлөгчидтэй уулзлаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Dell Technologies” компанийн охин компани болох “Dell EMC”-ийн Азийн хөгжиж буй зах зээл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Анотай Веттаяакорн тэргүүтэй төлөөлөгчид монголд ажиллаж байна. Тэднийг өнөөдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Dell EMC” компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Анотай Веттаяакорн хэлэхдээ “Dell EMC” компани нь хэрэглэгчиддээ үүлэн тооцоолол, их өгөгдөл, хиймэл оюун зэрэг сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан ухаалаг хот, кибер аюулгүй байдал, дижитал хөгжлийн цогц шийдлийг санал болгодог төдийгүй төрийн болон  хувийн хэвшлүүдтэй хамтран ажилладаг. Дижитал эдийн засаг эрчимтэй хөгжиж буй өнөө цаг үед өгөгдөл хамгаалал, мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг болоод байна. Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан төрийн ухаалаг үйлчилгээг нэвтрүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа энэ үед мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төвийг байгуулан, мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр мөн ихээхэн анхаарал хандуулж байгаа гэж бодож байна. Иймд энэ чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна” гэв. Мөн тэрээр хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дөхөм болгох үүднээс бусад улс орнуудад хэрэгжүүлсэн ижил төстэй төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг танилцуулж, улмаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. ХХМТГ-ын зүгээс энэхүү уулзалтаар хөндөгдсөн сэдэв нь манай ойрын хугацаанд шийдвэрлэхээр зорьж буй асуудлуудын нэг мөн бөгөөд дэлхийд тэргүүлэгч томоохон компанитай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн тус газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбооны салбарын “ICT Expo 2019” үзэсгэлэнд “Dell EMC” компанийг оролцохыг урьснаар уулзалт өндөрлөв.“Dell EMC” компаниас “Dell EMC 2019 Symposium”-ыг зохион байгуулах, манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан нийт 15 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа юм байна.