“ICT EXPO-2018” ҮЗЭСГЭЛЭН 12 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулж, энэ салбарын хөгжил дэвшлийг тодорхойлдог “ICT EXPO” үзэсгэлэн 12 дахь жилдээ 9-р сарын 30, 10-р сарын 1,2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор болж, салбарын 40 гаруй байгууллага оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцууллаа.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон салбарын бусад удирдлагууд, албаны хүмүүс оролцлоо.

удаагийн үзэсгэлэн олон зүйлээр шинэлэг байж оролцогчид болон үзэсгэлэн сонирхогчдод оюуны болоод технологийн өргөн мэдлэг, мэдээллийг өгсөнөөрөө онцлог боллоо. Тухайлбал, Танилт, нэвтрэлтийн “ДАН” системийн нээлтийг хийж, хэрэглэгчдэд танилцууллаа. “ДАН” систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийн дараагийн хувилбар бөгөөд хэрэглэгчид орон зайнаас үл хамааран онлайнаар үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн системийн нэг болно.

“ХУР” систем нэвтэрсэнээр иргэд олон төрлийн лавлагаа мэдээллийг цаасаар бүрдүүлэх шаардлагагүй болж, хурууны хээгээ уншуулан үйлчилгээ авдаг болсон. Тэгвэл “ДАН” систем нэвтэрсэнээр иргэд зарим төрлийн үйлчилгээг биеэр очилгүйгээр онлайнаар авах боломжийг бүрдүүлж өгсөн. Жишээ нь:  “ДАН” системийг банкууд хэрэглэж эхэлснээр салбар дээр очилгүйгээр данс нээлгэх, карт захиалах гэх мэт үйлчилгээг зайнаас авах боломжтой бүрдэх юм.

Мөн “ХУР” системийг орон нутагт нэвтрүүлэх арга хэмжээний нээлтийг хийж,  үзэсгэлэнгийн танхимаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Цахим төрийн үйлчилгээний төв”-тэй онлайнаар холбогдож ажиллалаа. Ингэснээр сум, орон нутгийн иргэд хурууны хээгээ уншуулаад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүллээ. Цаашдаа бүх сумдад “Цахим төрийн үйлчилгээний төв”-ийг байгуулж “ХУР” системийг орон нутгийн иргэд хэрэглэж, цаг заваа хэмнэх боломжоор хангахаар төлөвлөн ажиллаж байна.

“ICT EXPO-2018” үзэсгэлэнгийн бас нэг онцлог арга хэмжээ бол мэдээлэл технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, нийгэмд үзүүлж буй үр нөлөөллийн  талаар хэлэлцэхээр доорх 4 чиглэлээр зохион байгуулагдсан форум байлаа.“Digital finance”  цахим санхүүгийн үйлчилгээ  /Мобиком корпораци/

“Digital Content” цахим контент /Скаймедиа корпораци/

 “Digital future” цахим ирээдүй /Юнител групп/

Дижитал  хэрэглэгч- Эрүүл мэнд /ХХЗХ, МХОА/

Үзэсгэлэнгийн үеэр шилдгийн шилдэг номицанийг шалгаруулж, санаачлагатай оролцсон, шилдэг шийдэл танилцуулсан, шинэ технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлсэн оролцогч байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ

 Мобиком Корпораци ХХК – Каррер агергатор

ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийслэлийн мэдээллийн технологийн газар- Смарткар  / www.smartcar.mn /

ШИЛДЭГ САНААЧЛАГА

Ай Ти Зон ХХК- Industry Drone

ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН

Веритех ХХК- Veritech ERP

ШИЛДЭГ ШИЙДЭЛ

Мэдээлэл, холбооны технологийн сургууль- SICT AR

ШИЛДЭГ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ

Софтлайн Азия ХХК

“ICT EXPO 2018” ҮЗЭСГЭЛЭНГИЙН САНААЧЛАГАТАЙ ОРОЛЦОГЧ

Монголсат Нэтворкс компани

“ICT EXPO 2018” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ӨВӨРМӨЦ ОРОЛЦОГЧ

Скаймедиа корпораци

 “ICT EXPO 2018” ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ

Юнител групп

“ICT EXPO-2018” үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, хамтран зохион байгуулагчаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Ерөнхий ивээн тэтгэгчээр Мобиком корпораци, Юнител групп, Скаймедиа корпораци ажиллалаа.