Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагууд Фэйсбүүк группын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат болон бусад удирдлагууд Фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсын Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен, Улс төр, засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан нарыг 9-р сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хоёр байгууллага үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлэл хийж, цахим орчин дахь мэдээллийн аюулгүй байдал, зохистой хэрэглээ, бодлого зохицуулалтын  талаар  санал солилцов. Энэхүү уулзалтаар талууд дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов.

  • Digital literacy буюу бүх нийтийн тоон бичиг үсэгтэн болгох ажлыг эрчимжүүлж, цахим орчин, нийгмийн сүлжээг зохистой ашиглах, эрсдлээс өөрийгөө хамгаалах, хортой болон хуурамч мэдээ мэдээллийг ялгаж сурах мэдлэг чадварыг олгоход чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулах,
  • “Fellowship, Emerging scholar”, “PhD internship” хөтөлбөрүүдэд Монгол улсаас судлаач докторантуудыг хамруулах; 
  • “F.A.I.R” буюу Фэйсбүүкийн хиймэл оюун ухааны судалгаа лабораторуудад Монголын эрдэмтдийг зочин судлаачаар ажиллуулах; 
  • “Facebook University” хөтөлбөрт залуу мэргэжилтнүүдийг оролцуулах. (Тус хөтөлбөр нь 8 долоо хоног үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд оюутнууд эсхүл төгсөгчид Фэйсбүүкийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилчид, байгууллагын соёлтой танилцаж, дадлага хийх боломж олгодог. Хөтөлбөрийн хүрээнд Analytics, Engineering, Product design, Operation, Global marketing гэх чиглэлд сургалт, дадлага явуулдаг )
  • Фэйсбүүкийг аюулгүй байдлаа ханган, үр дүнтэй ашиглаж буй Ази номхон далайн бүс нутгийн орнуудын туршлага судлах, санал солилцох уулзалтуудад оролцох,

Уулзалтын төгсгөлд Фэйсбүүк группын Хонг Конг, Тайван, Монгол улсын Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен тус арга хэмжээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглээд дараагийн дээд түвшний гэрээ хэлцлийг ойрын хугацаанд товлоно гэдгээ хэллээ.