АНХНЫ ЕРӨНХИЙ МЕХАНИК

 In Мэдээ мэдээлэл

Булган аймгийн холбооны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойд

АНХНЫ ЕРӨНХИЙ МЕХАНИК

Өнөөдөр эргэн дурсагдах агуу үйлстэн С. Лувсанцэнд 1910 онд одоогийн Булган аймгийн Халиун сумын нутаг Цэнгэл хэмээх газар Самбуугийн гэр бүлд төржээ. Эцэг Самбуу хүүгээ 4 настай байхад нь эхнэр хүүхдээ орхин салаад явжээ. Эх хүү хоёр ядуу амьдралын хүндийг туулж хүү Лувсанцэнд долоон настайгаасаа айлын хонь маллаж эхдээ бага ч болсон нэмэр болж байлаа. Эх нь хамаатан Навааныг бараадан гэрийнх нь хаяанд толгой хорогдож ажил амьдралд нь тусладаг байж.

Наваан гуай тэр хоёрын өмчинд 2 тугалтай үнээ, 3 ишигтэй ямаа өгчээ. Эх нь хуруу хумсаа хугалан байж толгой хорогдох гэртэй болсон ч амьдралын хүнд, өлсгөлөн өдрүүд хагасрахгүй байв.

1918 онд Булганы хүрээ рүү нүүж жил шахам Орос сангийн үхэр хариулж хэдэн төгрөг олдог болжээ. Энэ үед улс орны хувьд ч байдал хүндэрч гамингууд, манжийн байнгын хатгалга түгшээдэг болсон байна.

Энэ үед ээж нь халуун ханиад хүрээд ажлаа хийж чадахаа больж амьдрах аргагүйд тугалтай үнээгээ зарж, хэдэн ямаагаа шөлөнд төхөөрч дуусаад дахин яах аргагүй өдрүүд үргэлжлэх болжээ.

Цагийн аясаар ээжийнх нь биеийн байдал сайжрах авч хийх ажил олдохгүй зэргээс 1922 онд олны хөл бараадаж Богдын хүрээ орохоор жингийн тэрэг дагаж хүрээнд ирж таних айлын зайнд хорогдон, Лувсанцэнд ээжийнхээ хамтаар орос худалдаачны ноос угаах үйлдвэрт ноос дэлгэх хатаах, ялгаж савлах ажил хийж эхлэв.

С Лувсанцэнд 1923 оны намар нийслэл хүрээний бага сургуульд орох гэсэн боловч хошуунаас нь чамайг өөр сургуульд өгөхгүй гээд буцааж шавийн сургуульд оруулж сайн дүнтэй төгсжээ.

С. Лувсанцэнд аливаа зүйлд авхаалжтай сэргэлэн хүү тул 1924 оны хавар шавийн бага сургуулийн дэргэдэх Хувьсгалт залуучуудын эвлэлийн 112 –р үүрийг байгуулан өөрөө гишүүнээр элсжээ. Үүний дараах зун Лениний нэрэмжит пионерийн анхдугаар бүлгийг байгуулж мөн пионерийн гишүүнд элсжээ.

1926 оны 4 сард Герман улсын есөн жилийн дунд сургуульд 1927-29 онд суралцаж сайн дүнтэй төгсөж улмаар 1929 оны 8 сараас цахилгаан гэрлийн дээд сургуульд орж  суралцаад цахилгаан гэрлийн 1- р зэргийн үнэмлэх аваад байтал 1930 оны 6 сард Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эх орондоо иржээ.

Герман улсын олгосон гэрчилгээ

Тэрээр авьяаслаг уран дарханы мэргэжилтэй, радио техникийг сайн мэддэг, герман, орос хэлний сайн мэдлэгтэй тэр үедээ сайн боловсорсон нэгэн болсон байв.

1930 оны 7-р сард Худалдаа аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны сайдын тушаалаар Төмрийн заводод мастераар ажиллаж байгаад 1931 онд төмрийн заводын механик болсон байна.

1934 оны 12-р сарын 1-нээс  монголд анх Радио холбооны нэвтрүүлэх станц байгуулахад Худалдаа, аж үйлдвэр, зам тээвэр, харилцан нэвтрэлцэх холбооны яамны сайдын тушаалаар мэргэжлийн дагуу Радио станцын дизелийн механикаар ажиллажээ.

Ийнхүү чаа гэх ямаагүй туу гэх нохойгүй байсан С.Лувсанцэнд сайдын тушаалаар эх орныхоо бүтээн босголтын шаардлагатай газар ажиллах тэргүүний сэхээтэн болжээ.

С. Лувсанцэнд Холбооны ерөнхий хорооны дэргэдэх МАХН –ын үүрийн суртал эрхэлсэн тэргүүлэгч гишүүн байхдаа урт долгионы хүлээн авагч угсарч намынхаа сурталчилгаанд ашиглахаар үнэгүй бэлэглэж байжээ. Радио хүлээн авагчийг угсараад зогсоогүй дотоодын төдийгүй гадаадын радио нэвтрүүлгийг цугларсан түмэнд сонсгож байлаа.

С. Лувсанцэнд гуай нийслэл хот төдийгүй хөдөө орон нутгийг холбоожуулахад анхаарч эхний ээлжинд Төв аймгийн Дэлгэрхаан сумын тавиулсан цахилгаан мэдээ, хүлээн авагчийг суурилуулж, ажиллагааг зааж сургасанд тус сумын нам захиргаа талархалаа илэрхийлж байжээ.

С. Лувсанцэнд 1939 онд холбооны ерөнхий хорооны захиргаа аж ахуйн хэлтсийн даргаар, 1941 онд радио хэлтсийн даргаар ажиллаж байлаа. С.Лувсанцэндийн 1941 оноос 1944 оны 5-р сарын хүртлэх ажилласан 4 жил гаруйн хугацаанд радио узель, радио цэг, радио станц тус бүр 50-55 хувиар өссөн ба олон аймагтай радио телеграфын холбоо тогтсон юм.

1947-7 сард АНУ ын Атланта хотод болсон радио долгион хяналтын олон улсын хуралд оролцсон Холбооны яамны сайд З. Аюурзана, холбооны яамны ерөнхий механик С. Лувсанцэнд нар

1944 онд Холбооны ерөнхий хороог БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам болгоход Лувсанцэндийг холбооны яамны ерөнхий механикаар (тухайн үед техникийн хамгийн өндөр албан тушаал байв) томилжээ. Үүний хамт 1950 онд барилга монтажийн конторын даргын ажлыг хавсарч байгаад 1953 оноос барилга конторын даргыг дагнан хийж байв. 1959 оны 4-р сараас барилга конторыг холбооны барилга монтажийн газар болгоход тус газрын нэгдүгээр орлогч дарга, материал хангамжийн хэлтсийн даргаар томилогдон ажилласан юм.

С.Лувсанцэнд нь Холбооны барилга конторын дарга, барилга монтажийн газрын I орлогч дарга, материал хангамжийн хэлтсийн дарга, дараа нь мөн барилга монтажийн газрын дарга зэрэг тушаалыг алба хашиж байсан арав гаруй жилийн дотор Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөг тав, гурван жилүүдэд холбоог хөгжүүлэхээр улсаас өгсөн холбооны барилга техник угсралтын ажлыг хугацаанд нь амжилттай биелүүлж бодит үр дүнд хүрч байлаа.

Улаанбаатараас Архангай аймгийн төв хүртэл 470-аад км газрын хуучин баганат шугамыг өөрчилж боронзoн утсыг татаж Улаанбаатар-Архангайн хооронд боронзон шугмаар шууд харилцаа тогтоон,  Булган, Баянхонгор аймгийн төв, Баянхонгор аймгийн Заг, Өвөрхангай аймгийн төв болон Хужирт сумыг Улаанбаатартай харилцах телефон холбоог бий болгосон байна. Улаанбаатар, Төв аймгийн хооронд телефоноор шууд харилцах бололцоотой болгожээ.

Улаанбаатар хотоос аймгууд болон ЗХУ-тай харилцах телефон харилцааны 2000 км баганат гол шугамыг засварлан бэхжүүлсэн юм.

Түүнчлэн 1952 он гэхэд алс баруун хязгаарын Ховд аймаг хүртэл хот хоорондын телефон харилцааны боронзон шугам байгуулах нүсэр ажлыг С.Лувсанцэнд даргатай холбооны барилга монтажийн хамт олон жил амжилттай гүйцэтгэж дуусгаснаар эх орны нийслэл Улаанбаатар – Ховд хот түүний замын гудас газруудын холбооны олон салбарууд байнгын телефон харилцаатай болсон билээ. Мөн аймаг, сумдын хоорондох телефоны 1800 гаруй км урт шугамыг байгуулж тус улсын алс баруун хязгаарт оршдог Баян-Өлгий аймгийг оролцуулан нийтдээ 13 аймаг, нийслэл Улаанбаатар хоттой хүрэл шугамын телефоноор шууд харилцдаг болсон ба зам дагуух 70 гаруй сум суурин газарт телефон салбар байгуулах таатай нөхцөл бий болгожээ.

Барилга монтажийн газрын агаарын шугамын бригадынхантай уулзалт хийж байгаа нь

Сумдын телефон салбарын тоо 1952 он гэхэд 1947 оныхоос 2,2 дахин өсч буй бүх сумын З-ны нэг хувийг аймгийн төвтэй телефоноор харилцдаг найдвартай холбоотой болгосон юм.

Анхдугаар таван жилд телефон станцын нийт багтаамж 30 хувиар нэмэгдэж түүний цэгийн тоо 24 хувиар өсч хотын телефон шугамыг кабельжуулах ажил хийгдэж эхэлсэн нь харилцаа холбооны өсөлтийн чухал зүйлийн нэг бол тухайн үед бүх сум, улс ардын аж ахуйн нэгдэл, өвс хадах станц, сүүний завод тасгийг улсын хөрөнгөөр радиожуулах үүргийг амжилттай биелүүлсэн явдал байв.

Зөвхөн 1954 онд 500 баг олон нэгдэлүүдийг радиожуулжээ.

1950 иад оны үеэс аймгийн төвүүдэд байсан радио харилцааны станцуудыг бүрэн шинэчилсэн бөгөөд шинээр байгуулагдсан Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад телефоны станц, радио зангилгааг яаралтай байгуулах үүргүүдийг амжилттай гүйцэтгэсэн юм.

Хот хоорондын телефон харилцааны шугамыг нягтруулах ажлыг хөгжүүлж 1959 онд Улаанбаатар-Архангай аймгийн холбоонд 3 сувгийн аппарат төхөөрөмж байгуулсан. 1960 онд Хэнтий, Чойбалсан чиглэлийн гол шугамыг 3 сувгийн аппаратаар нягтруулах ажил хийсэн байна.

Анх дугаар таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд нийслэл хотын хөгжлийн шаардлагад зохицуулан хотын телефон холбооны шугамыг газар доогуур байгуулах нүсэр ажлыг амжилттай эхлүүлсэний дотор хотын телефон радиогийн гол шугамууд болон Толгойт, Амгалан, Аж үйлдвэрийн комбинатын чиглэлд азбест цементен трубан сувагчилал тавьж эхэлсэн ба их хэмжээний олон хосын кабелиуд сүвэлсний дээр цементийн худгууд тавьж ашиглалтад оруулсан байна.

Боронзон шугамын таталт

Улаанбаатараас Дархан, Сүхбаатар, Хэнтий, Чойбалсангийн чиглэл, мөн Улаанбаатараас Ховд-Баян-Өлгий, улсын хил хүртэлх баганат шугамыг 3-12 сувгаар нягтруулах ажил хийгдсэний үр дүнд бүх аймаг хот, нийслэл Улаанбаатартай 24 цагийн телефон харилцаатай болж эхэлсэн ажээ.

С.Лувсанцэнд гуай хэлмэгдүүлэлтийн хүйтэн жаварт хайруулж байсан баримтууд байгаа ч Лувсанцэнд гуай ёстой сэтгэлийн хат, амьдралд шантардаггүйн жишээг харуулж амьдралын хатуу хүндийг багаасаа мэдэрсэн хатуужлын амьд жишээ болсон юм билээ.

С.Лувсанцэнд гуайн эх орон, төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, болон ойн медалиуд, улсын ударник, БНМАУ-ын онц холбоочин тэмдгүүдээр тус тус шагнажээ.

Лувсанцэнд яамныхаа томилолтоор 1962 онд Баян-Өлгий аймагт очиж радио станцыг бариулж дуусгаад 1965 онд нийслэл хотноо ирж Шуудангийн II баазын даргаар 1974 он хүртэл, дараа нь Тээврийн яамны захиалагчийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1975 онд өндөр насныхаа чөлөөнд гарчээ. 1976 оны 7-р сарын 22-нд насан эцэслэж холбоочин олноосоо салан оджээ.

Энэ жил түүний төрсөн Булган аймгийн болон харилцаа холбооны салбарын 80 жилийн давхар ойн жил Харилцаа холбооны салбарын АНХНЫ ЕРӨНХИЙ МЕХАНИК анхны мэргэжилтэн С. Лувсанцэнд анхдагчдын нутгийн бас нэгэн анхдагч болохыг түүх ийнхүү нотлож байгааг толилуулж байна.

С.Лувсанцэнд гуайн тууштай шийдэмгий зан төлөв, байгуулсан гавьяа үйлсийг үеийн үед мартахгүй бахархан санан дурсагдах мятаршгүй зүтгэлтэн болохыг Монголын холбоочиддоо дэлгэх завшаан тохиосонд бахархаж байна.

Түүвэрлэсэн              Г. Шаравдэмбэрэл