ОЛОН УЛСЫН САНСРЫН ХОЛБООНЫ “ИНТЕРСПУТНИК” БАЙГУУЛЛАГЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Олон улсын сансрын холбооны “Интерспутник” байгууллагын Удирдах зөвлөлийн 46 дахь болон Үйл ажиллагааны комиссын 21 дэх хамтарсан хурал 2018 оны 06-р сарын 19, 20-ний өдрүүдэд Улаанбаатар хотод боллоо. Хуралд 20 орчим орны төлөөлөгч оролцож байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг дүгнэн, санхүүгийн тайланг хэлэлцлээ. Мөн шинэ төсөл хөтөлбөр батлах, үйл ажиллагаандаа мөрддөг дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Интерспутник” байгууллага нь Польш, Чехословак, Унгар, Румын, Болгар, Куба, Бүгд Найрамдах Монгол Ард Улс болон Ардчилсан Герман улс зэрэг 9 улс, орныг эгнээндээ нэгтгэн 1971 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 26 гишүүн улс, оронтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн хурлыг Монгол Улс даргалан, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат удирдан зохион байгууллаа. Хиймэл дагуулыг хөгжүүлэх асуудлаар бодит үр дүн, шийдэлд хүрсэн хурал болсныг оролцогчид онцлон тэмдэглэж байна.

Удирдах зөвлөлийн хурлын үеэр зохион байгуулагддаг уламжлал болсон  арга хэмжээний нэг хэсэг болох семинар нь улс орнуудын үндэсний хиймэл дагуулыг хөгжүүлэх сэдвээр “NATSATTEL-2018 “нэрийн дор болж, семинарт гишүүн орнуудын төлөөллөөс гадна салбарын тэргүүлэх компаниуд Hughes, Newtech, Airbus болон монголын компаниудын төлөөлөл, мэргэжилтнүүд оролцлоо.

Интерспутник нь холбооны хиймэл дагуулын үйлчилгээ, технологийг ашиглан гишүүн улс орнуудын нийгэм, эдийн засаг, соёлын харилцаанд дэмжлэг үзүүлэх, мөн хиймэл дагуулын харилцаа холбооны технологийг ашиглахад нь гишүүн улс орнуудад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг.  Олон улсын хиймэл дагуулын холбооны зах зээлд тус байгууллага нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 16 хиймэл дагуулын давтамжийн нөөцийг ашиглаж байна.