“ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СЭДЭВТ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ТОДОРЛОО

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зарласан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны дүнг танилцуулж шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Хүүхдийг  цахим орчинд гэмт хэрэг, халдлага, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, энэ тухай мэдлэг ойлголтыг нийгэм, олон нийтэд түгээж, эцэг эхчүүүдийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор  “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2018 оны 05-р сарын 21-25-ны өдрүүдэд зарлан явууллаа.

Уралдаан: Сонин болон сайтын нийтлэл, телевизийн нэвтрүүлэг гэсэн 2 төрлөөр явагдсан.

Хамтран зохион байгуулагчаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо дэмжигч байгууллагаар Хаан банк, Скайтел групп ХХК хамтран ажиллалаа.

Уралдаанд сэтгүүлч, чөлөөт уран бүтээлч, оюутнууд идэвхтэй оролцож нийт 40 гаруй бүтээл ирүүлсэн. Оролцогчдын бүтээлийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхим, Монголын сурагчдын холбооны хамтарсан комисс шүүн явуулж шилдэг бүтээлүүдийг тодрууллаа.

Нийтлэлийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР public.mn сайтын сэтгүүлч Н.Ууганбаярын “ДАЛАЙ БОЛ ӨДӨР БҮР СЭЛДЭГ БАССЕЙН БИШ” сэдэвт нийтлэл шалгарч 1.500.000 төгрөг, өргөмжлөл

Нийтлэлийн төрөл ДЭД БАЙР сэтгүүлч Б.Баярбаясгалангийн ”ЦАГААХАН ГЭГЭЭХЭН ҮРС МИНЬ ЦАХИМ АМЬДРАЛД ЯАЖ ЯВНА ВЭ” сэдэвт нийтлэл шалгарч 800.000 төгрөг, өргөмжлөл

Нэвтрүүлгийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР UBS  телевизийн сэтгүүлч Б.Цэрэнлхамын “ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” сэдэвт нэвтрүүлэг шалгарч 3.500.000 төгрөг өргөмжлөл

Нэвтрүүлгийн төрөл ДЭД БАЙР Эрхэс студийн бүтээл “ХААЛГА” нэвтрүүлэг шалгарч 2.500.000 төгрөг, өргөмжлөл

Уралдаанд оролцсон нийт уран бүтээлчдийг дэмжигч байгууллагуудын гарын бэлгээр урамшууллаа. Нийт бүтээлээ ирүүлсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд, оролцогчдод уран бүтээлийн өндөр амжилт хүсье.