“Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт” сэдэвт олон улсын сургалт болж байна.

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбооны хиймэл дагуулын үйлчилгээний салбарт ажиллагсдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, “Үндэсний хиймэл дагуул” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /АНДСХАБ/-тай хамтран “Харилцаа холбооны хиймэл дагуулын технологи ба ашиглалт” сэдэвт олон улсын сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 7-оос 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

АНДСХАБ нь сансар, огторгуйг энхийн зорилгоор ашиглахад дэмжлэг үзүүлэх, гишүүн орнуудын сансрын шинжлэх ухаан, сансрын технологийг хөгжүүлэх зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллагын Сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглах хорооны гишүүн бөгөөд Засгийн газар хоорондын байгууллага юм.

2006 оноос гишүүн орнуудынхаа хүний нөөцийн чадавхыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2017 оны байдлаар БНХАУ-ын Бэйхангийн их сургуультай хамтран хэрэгжүүлдэг “Сансрын технологийн хэрэглээ” чиглэлээр доктор болон магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд манай улсаас магистрийн тэтгэлэгт хөтөлбөрт 32,  докторын хөтөлбөрт 4 суралцагч тус тус хамрагдсан байна. Дотоод, гадаадын богино хугацааны сургалтад давхардсан тоогоор 100 орчим ажилтан, албан хаагчийг оролцуулжээ.

Энэ удаагийн сургалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга бөгөөд АНДСХАБ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Чинбат нээж үг хэлсэн юм.  Сургалтыг Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Бэйхангийн их сургууль болон ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн технологийн сургуулийн профессор багш нар явуулах бөгөөд дотоод, гадаадын нийт 40 орчим суралцагч хамрагдаж байна.