Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт амжилттай өндөрлөлөө

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын гэрээ, хэлэлцээр хийх гурав дахь удаагийн уулзалт дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн уулзалтаар 2 тал хилийн бүс орчимд ашиглагдаж байгаа радио давтамжийн өнөөгийн болон цаашдын хэрэглээний талаар мэдээлэл солилцож, дараах асуудлуудыг харилцан тохиролцлоо:

  • Радио давтамжийн 890-915/935-960 МГц, 1710-1785/1805-1880 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар 2013 оны гэрээнд нэмэлт оруулав.
  • Радио давтамжийн 2500-2690 МГц, 2300–2400 МГц зурвасуудыг хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээнд ашиглахаар тохирч хоёр гэрээг шинээр байгуулав.
  • Хилийн ойролцоох бүсэд ажиллаж байгаа ОХУ-ын 120 орчим, Монгол Улсын 101 телевизийн дамжуулах станцын техникийн үзүүлэлтийг нэг бүрчлэн тохиров.
  • Радио давтамжийн 694-790 МГц зурвасыг цаашид 2 тал харилцан нөлөөлөлгүй ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээр хамтран ажиллана хэмээн тохиролцов.

Уулзалтаас гарсан шийдвэрт Монголын талаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, ОХУ-ын талаас тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газар /Роскомнадзор/-ын Тусгай зөвшөөрлийн газрын дарга Андрей Канцуров нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү уулзалтын үр дүнд Монгол Улсын хилийн бүс нутагт харилцаа холбооны шинэ техник технологи болох тоон радио, телевиз болон үүрэн холбооны дараа үеийн 4G үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах боломж бий болсон нь чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.