Олон улсын “Аюулгүй интернетийн өдөр”-ийг “Бүтээе, нэгдье, харилцан хүндлэе. Эерэг Интернет танаас эхэлнэ” уриатай тэмдэглэж байна

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран олон улсын  “Аюулгүй интернэтийн өдөр-2018”-ийг Монгол улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Оролцогч талууд олон улсын “Аюулгүй интернэтийн өдөр”-ийн тухай болон  энэ жилийн онцлогийн талаар мэдээлэл хүргэж,  “Бүтээе, нэгдье, харилцан хүндэлье, эерэг интернэт таниас эхэлнэ” гэсэн урианд доор бүх төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаа дуулгалаа.

Олон улсын аюулгүй интернэтийн өдрийг  (Safer Internet Day/SID) 2004 оноос Европын улсуудад тэмдэглэн эхэлсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 130 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын санаачилга юм. Энэхүү санаачилга нь тоон технологийн өнөөгийн хүрсэн ололт, дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд, залууст ойлгож таниулах эрхэм зорилготой.

Аюулгүй Интернетийн өдрийг дэлхий даяар жил бүрийн 02-р сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион явуулдаг бөгөөд уг арга  хэмжээг дэлхий дахинд сая сая хүн цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчинг бий болгохын төлөө дэмжин оролцдог юм.

Аюулгүй интернетийн өдрөөр зөвхөн аюулгүй Интернетийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай, бүтээлчээр ашиглахыг  уриалдаг онцлогтой.

www.saferinternetday.org – Энэхүү линк нь Олон улсын аюулгүй интернетийн хорооны албан ёсны вэб сайт юм. Энэ сайтаас “Аюулгүй интернетийн өдөр”-тэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой.

www.ekids.mn   -Харилцаа холбооны зохицуулах хорооны энэхүү сайтаас цахим орчны зохистой хэрэглээ болон хүүхдийн насны онцлогт тохирсон мэдээ мэдээллийг авах боломжтой.

#SID 2018#saferinternetday  -Сэтгүүлч та аюулгүй интернетийн талаархи сурвалжлага, нийтлэл, мэдээ бичихдээ #SID 2018#saferinternetday  хаштагийг хэрэглэнэ.