БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБОО

 In Мэдээ мэдээлэл

Нийслэл хүрээний цахилгаан мэдээний хороо байгуулагдсны 105 жилийн ойд зориулав.

Богд Жавзандамба хутагт (Агваанлувсан 1870-1924) монголын ард түмний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд Ар монгол улс төрийнхөө тусгаар тогтнолыг олж автономыг тогтооход Монгол Улсын эзэн хаанаар өргөмжлөгдөж шашин, төрийн эрхийг хослон барих болжээ.

1911 оны 12 сарын 30 нд Бээжингийн Дотоод яам, Засагт тус хийх яам, Гадаад хэргийн яаманд цахилгаан мэдээ илгээж тусгаар тогтнолоо тунхаглаж манжийн мэдэлд байсан (манж чин улсын хүмүүс ажилладаг) байлаа.

1912 оны өвлийн эхэн сарын шинийн 8 нд Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны сайд Эрдэнэ дайчин чин ван М. Ханддорж Монгол улсын нутаг дээр цахилгаан мэдээний хэргийг монголчууд өөрсдөө эрхлэн явуулахаар тушаал гаргаж өөрийн ар монгол улсдаа үйлчилж эхэлснээс эдүгээ 105 жил болж байна. Олноо өргөгдсний 2 дугаар оны өвлийн сүүл сарын 21 нд Нийслэл хүрээний цахилгаан мэдээний хорооны түшмэлийн тамгыг Дотоод яамнаа сийлснийг мөн сарын 24 өөс дарж хэрэглэсэн тамганы дардасыг үзүүлэв.

Монгол улс тусгаар тогтнолоо зарлах тэр үед Монгол улсад телеграфаар мэдээ дамжуулах, болон эзэн Чингэс хааны үеэс улбаатай морин өртөөгөөр шуудан бичиг, ачаа бараа, манжийн цэргийн эрхтэнүүдийн зорчих тээвэр болгон ашиглаж байсан ийм хоёр үйлчилгээ үзүүлж байсан.

Телеграфын холбоо (цахилгаан мэдээ)

1892 оны 8 р сарын 13 нд Хаант орос улс – Манж чин улсын хооронд телеграфын холбоог доорхи газруудад холбоо зохион байгуулахаар Oросын талаас хаант оросын тусгай элч бөгөөд бүрэн эрхт сайд граф Кассени, Манжийн талаас бүрэн эрхт канцлер, Чти ли мужийн ерөнхий захирагч Ли Хун Чтен нар тохиролцож гэрээ байгуулжээ. Үүнд:

  1. НовоКиевск (орос)-Хунчун (хятад)
  2. Благовешенск(орос) – Хейланпо (хятад)
  3. Кяхта (орос)- Хиагт (хятад)

3 дахь холболтын гарц нь манжийн тал Замын үүдээс-Хиагт хүртэл телеграфын шугамыг 5 жилийн дотор байгуулахаар заагдсан байлаа.  Хиагтаар телеграфын холбооны шугамын эхний хэсэг болох Хиагт-Их хүрээний хэсгийг 1898 оны 10 – р сарын 12- нд ашиглалтанд оруулж орос, хятад, монгол хэлээр мэдээ дамжуулж  эхэлжээ. Ийнхүү 2018 онд  манай нутаг дээр телеграфийн холбоо байгуулагдсны 120 жилийн ой тохиох билээ. Нийслэл хүрээ – Замын-Үүдийн чиглэлийг 1899 онд байгуулж дуусгажээ. Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дайруулан татаж буй түмэн шонгийн модыг бэлтгэх, тээвэрлэх ажлыг тухайн нутаг нутгийн хошууны ардуудыг дайчлан гүйцэтгүүлжээ.

Энэ үед телеграфын холбооны салбаруудыг Хиагт, Манхтай, Нийслэл-хүрээ,Чойр, Замын үүдэд байгуулан ажиллуулж байжээ.

1912 оны өвлийн эхэн сарын 8 нд Богд хаант монгол улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны сайд, эрдэнэ дайчин ван Ханддоржоос Монгол улсын нутаг дэвсгэр дээр цахилгаан мэдээний хэргийг монгол улс өөрсдөө эрхлэн шийтгэх тухай захирамжийн дагуу Нийслэл хүрээний цахилгаан мэдээний хороог байгуулж захиран шийтгэх түшмэлээр гүн Цэрэн-Очирыг, орчуулагч түшмэлээр Минбууг, орос түшмэлээр Толстухин зэрэг 7 хүнийг томилжээ. Нийслэл хүрээний Маймаа хотын иргэний хэргийг захиран шийтгэх түшмэл Балданцэрэнгийн хамт цахилгаан мэдээний элдэв хэрэгсэл, зэвсэг 38 зүйлийг хятад түшмэл Хө Бу Хунг аас хүлээн авсан баримтыг өнгөрсөн жил улсын төв архиваас уншлаа. Ийнхүү Монгол улсын нутаг дээр цахилгаан холбооны монгол байгуулагыг байгуулж монголчууд цахилгаан холбоог эрхлэх эхлэл тавигджээ.

Богд хаант монгол улсын нутгаар дайрсан Хиагт-Нийслэл хүрээ- Замын үүдийн телеграфын техник хэрэгсэлийг гурван этгээдийн 1915 оны 5 р сарын 15 ны өдрийн гэрээгээр Монгол улсын өмч болгохоор тогтсон байдаг.

Телефон холбоо

Монгол улсын засгийн газрын хэргийг ерөнхийлөн шийтгэх яамны сайд, сайн ноён хан Т. Намнансүрэн олноо өргөгдсөн 3 р (1913) оны сүүлчээр Санкт-Петербургт албан хэргээр айлчлаад буцахдаа телефон утасны жижиг станцыг үзээд худалдаж авахаар сонирхож байсан тул Хаант оросын засгын газар Намнансүрэнгийн сонирхлын дагуу 25 номерын телефон станцыг, бусад аппарат хэрэгсэлийн хамт бэлэглэснийг 1914 оны сүүлчээр телефоны мэргэжилтэй Кошкины удирдлагаар оросын худалдааны байгуулагын тусламжтайгаар уг гар телефон станцыг ашиглалтанд оруулсан ба Нийслэл хүрээн дэх Монгол улсын засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг Монгол улсын засгийн газрын хэргийг ерөнхийлөн шийтгэх яамны сайд, сайн ноён хан Т. Намнансүрэн 1914 оны 12 р сарын 15 нд батласан байдаг. Телефон холбооны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр1916 онд 60 номерын болгон өргөтгөжээ.

Орон нутаг дахь телеграфийн сүлжээ

Олноо өргөгдсөн 3 р (1913) оны зуны тэргүүн сарын 20 буюу Орос улсын 1913 оны май сарын 12 нд оросын зах хязгаар Кош Агач- Ховдын хооронд цахилгаан мэдээ байгуулах асуудлаар Богд хаант монголын гадаад хэргийг бүгд ерөнхийлөн шийтгэгч яамны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин чин ван Ханддорж, их орос улсын зах хязгаарын хааны засгийн хэргийг шийтгэгч газраас тусгайлан гаргасан бүрэн эрх барих сайд Иван Коростович нар зөвлөлдөн хэлэлцэж 10 зүйлт гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг чанд сахин харилцан ашгаа солилцохоор тохиролцсон байна. Утас шугам байгуулах үйлдвэрлэлийн ажлыг 1914 оны 11 р сарын 4 нд дуусгаж Ховдын газар, төмөр утасны хороо нээгдсэн гэж консулын газраас гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэх яаманд бичиг илгээж байжээ.

Олноо өргөгдсөн 4 р (1914) оны 8 р сарын 11-д Улиастай хотоос Орос улсын зах хязгаараар дайран монгол улсын нийслэл хүрээний хооронд мэдээ авалцахад хялбар болгох учир Монгол улсын засгийн хэргийг шийтгэх газраас орос улсын сэтгүүл бичиг, цахилгаан мэдээг ерөнхийлөн захирах яаманд Монд-Улиастайн хооронд цахилгаан мэдээ байгуулах эрхийг олгохын сацуу энэхүү шугамыг өөрийн хүчээр байгуулахыг хүсэмжилж 9 зүйл бүхий гэрээг 30 жилийн хугацаатайгаар Тройцкосовск хотноо хийжээ. Энэ гэрээний биелэлтийг орос улсын сэтгүүл бичиг цахилгаан мэдээг ерөнхийлөн захирах яам хариуцан гүйцэтгэжээ.

Шуудан-Өртөө

18 р зууны сүүлчээр Монгол улсын нутаг дээр үйлчилж байсан морин өртөөний сүлжээний Чуулалт хаалга-Улиастайн хоорондох цэрэгжүүлэсэн буухиа болон суман өртөөдийг 1911 оны өвлийн дунд сарын 3 нд татан буулгажээ.

Олноо өргөгдсөн 2 р оны хаврын дунд сараас Нийслэл хүрээнээ 20 өрх бүхий Түмтийн өртөөг байгуулж зүүн тийш Сэцэн хан аймаг, Баруун тийшээ Засагт хан аймгийн нутгийн зах хүртэл байгуулахыг хаант монгол улсын засгийн дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас дөрвөн аймгийн чуулганы дарга нарт тушааж бичиг явуулжээ. Ийнхүү Түшээт хан, Сэцэн хан аймгийн нутгийн зах хүртэл 35 өртөө, хойт зүгт Хиагт хүртэл 11 өртөө, баруун зүгт 48 өртөө, өмнө зүгт 29 өртөөг хянан шинэчлэн зохион байгуулж өртөөгөөр үйлчлэх дүрэм журмыг ёсчлон мөрдүүлснээр Богд хаант улсын дөрвөн замын өртөө бий болжээ.

Ийнхүү цахилгаан холбоо орон нутагтаа болон гадааддаа Бээжин, Орос улсын Тройцкосовск, Кош-Агач зэрэг сууринтай холбоотой болсон төдийгүй, нийслэл хүрээнээ 60 номерын гар телефон холбоо үйлчлэх болсоныг харгалзан Богд хаант монгол улсын гадаад хэргийг ерөнхийлөн шийтгэгч яамны тэргүүн сайд Эрдэнэ дайчин ван Ханддорж бие даасан улсын ёсоор өөрийн харилцаа холбооны асуудлыг эрхлэх нэгдсэн удирдлага байх нь төлөв байдлаас шаардлагатай болсон учир Богд хаант монгол улсын засгийн газрын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог 1916 оны 12 р сарын 16 нд байгуулж орон тоо, гүйцэтгэх ажил үүрэг хэмжээг тодорхойлоод Гадаад хэргийн яамны харьяанд үлдээж, ерөнхийлөн шийтгэх түшмэлд гүнгийн зэрэг туслагч тайж Бизьяаг, туслан шийтгэх түшмэлд Колонскийг томилжээ.

Харилцаа холбооны түүхийг сонирхогч Г. Шаравдэмбэрэл