“Өндөр технологийн аж үйлдвэрийн парк”-ыг Зуунмод суманд байгуулна

 In Фото мэдээ

“Өндөр технологийн аж үйлдвэрийн парк” байгуулах төслийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын үйлдвэрийн бүсэд нийт 6 га газарт Hi-Tech парк байгуулахаар болсон байна. Уг парк нь үйлдвэрлэл, судалгаа, инновац хөгжлийн хэсэг,  бизнес хөгжлийн болон ногоон байгууламж, үйлчилгээний, үйлдвэрийн, худалдааны  бүс, үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэрэг тус бүрт нь тохирсон зориулалтын талбайгаас бүрдэх юм.

Үйлдвэрлэлийн бүсэд нь Зэс хуулга,  Хэвлэмэл хавтан, Powerwall угсралт, үйлдвэрлэл, Сүлжээний кабель утас,  Модон угсардаг тоглоом, Батерей болон Нарны панелийн үйлдвэрлэл тус тус байгуулагахаар төлөвлөжээ.

Монгол улсын электроникийн үйлдвэрлэлд шилдэг технологи нэвтрүүлж, үндэсний “HI-TECH” үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, зэс болон бусад түүхий эдийг ашиглан электроникийн үндсэн түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад жилд 3 сая орчим ам.долларын татвар төлж, 150 орчим ажлын байрыг орон нутгаас авах,  гадаадын мэргэжилтнүүдийн байрыг орон нутгаас хангах, паркын өргөн хэрэгцээний бүтээгдэхүүнийг орон нутгаас авах,  Зуунмодын үзвэр, ахуйн үйлчилгээ хөгжих, мөн тус сум нь нийгэм соёл, шинжлэх ухааны томоохон төв болж хөгжих боломжтой. Түүнчлэн жилд 20 орчим оюутныг гадаадад сургах,  хүүхдийн боловсролын “Робот тоглоомын төв”-ийг байгуулж хүүхдүүдийг инженерийн ухаанд сургах, жил бүр роботын тэмцээнийг орон нутагт зохион байгуулах боломжтой болох аж.

Уг төслийг  Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн тенхологийн газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Зуунмод сумын Засаг даргын амгын газар дэмжин ажиллаж байгаа юм. Мөн JPCA /Japan Electronics Packaging and Circuits Association/,  JEITA /Japan Electronics and Information Tehcnology Association/, KPCA /Korea Printed Circuit Association/ 4. CPCA /China Printed Circuit Association/ зэрэг байгууллага гадаад түншээр ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад, HI-Tech парк нь дэлхийд 450 орчим байдаг бөгөөд АНУ-д 150, Японд 110 орчим, БНХАУ-д 100 ийм парк ажиллаж буй гэнэ. Эдгээр парк нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 70%-ийг хангадаг аж.