Угтаалцайдам суманд үүрэн холбооны сүлжээг нэвтрүүллээ

 In Фото мэдээ

Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул багийнхан тариалангийн талбай, малын бэлчээрээсээ хот сууринд дахь ахан дүүс, хилийн чанадад суугаа нэгэнтэйгээ үүрэн холбоогоор холбогдох боломжтой боллоо.

Орон нутгийн иргэд, тэр дундаа алслагдсан сум суурингийн иргэдэд үүрэн холбооны сүлжээгээ хүргэж малчны хот, тариалангийн талбай, хилийн цэргийг ертөнцтэй холбодог үндэсний оператор Жи мобайл компани өөрийн сүлжээгээ тус суманд нэвтрүүлсэн байна.

Энэхүү ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр Жи мобайл компанийн хамт олон богино хугацаанд чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулжээ. Аль ч операторын сүлжээ нэвтрээгүй байсан Талын –Уулд үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй тариаланч, малчид цаг алдалгүй холбоо барих боломжтой болж байгаадаа талархаж буйгаа нээлтийн үеэр илэрхийлж байлаа. Ийнхүү үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн баярын өдөр тус компанийнхан ухаалаг гар утас, мөнгөн болон хүрэл дугаарын сугалаа явуулж угтаалчуудыг давхар баярлуулсан юм.

“Зам, холбоо харилцаа нэвтэрсэн газар хөгжил ирдэг. Газар тариалан мал аж ахуйгаа хослуулан хөгжүүлж буй энэ сумынхан монголчуудын хүнсний хангамжид томоохон хувь нэмрээ оруулж байгаа” гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ үеэр хэллээ.

Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат “Үүрэн холбооны сүлжээ нэвтрээгүй 400 гаруй газраас манай агентлагт хүсэлт ирснээс энэ жил 12 цэгийг сонгож, сүлжээ нэвтрүүлж байна. Үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхэд тооцоо судалгаа хийж, техникийн боломжуудыг бүрдүүлдэг. Мөн санхүүгийн асуудал хамгийн чухал. Өнөөдөр Угтаалцайдам сумын Талын–Уул багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхэд одоогоор 140 орчим сая төгрөг зарцуулаад байна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас 90 орчим сая төгрөг гаргаж үлдсэн санхүүжилтыг Жи мобайл компани хариуцсан. Үүрэн холбооны сүлжээ нэвтэрснээр цаашлаад интернэтийн үйлчилгээ нэвтрэх болно” гэдгийг дурдсан юм.