Хил орчмын радио давтамжийн зохицуулалтын II уулзалт болов

 In Мэдээ мэдээлэл

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын хил орчмын радио давтамжийн зохицуулалтын II уулзалт 2017 оны наймдугаар сарын 01-03-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийт 48 албаны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр болсон уг уулзалтын үеэр Монголын талыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, БНХАУ-ын талыг Мэдээлэл, технологийн аж үйлдвэрийн яамны Зөвлөх Рунтянь Кан нар ахлан явуулав.
Уулзалтаар хоёр орны хил орчмын бүс нутаг дахь радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт, бодлого зохицуулалтын талаар танилцуулж, үүрэн холбооны 2G, 3G, 4G системийн радио давтамжийн ашиглалтыг зохицуулах үр ашигтай механизмыг хэрхэн бүрдүүлэх талаар санал солилцсон юм. Түүнчлэн 2019 онд зохион байгуулагдах Дэлхийн Радиогийн Их Хурлаар хэлэлцэх асуудлаар хоёр тал байр сууриа илэрхийлэв.
Уулзалтын үр дүнд эхний ээлжинд үүрэн холбооны GSM 900 МГц болон CDMA 850 МГц-ийн давтамжийн зурваст зохицуулалтын гэрээ байгуулахаар санал нэгдэж, БНХАУ-аас үүрэн холбооны CDMA 850 МГц-ийн давтамжийн зурвас дахь зохицуулалтын гэрээний төслийг 2018 оны эхний хагас жилд багтаан

манай талд хүргүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн богино долгионы хяналт, зохицуулалтын талаар хэлэлцэж, цаашид хоёр улс Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радиогийн дүрэм /ITU Radio Regulations/-ийг баримтлан, хамтран ажиллах, хил орчмын радио давтамжийн зохицуулалтын дараагийн уулзалтыг БНХАУ-д зохион байгуулахаар тус тус тохиролцон, уулзалтын протоколд гарын үсэг зуран баталгаажууллаа.