Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ.

 In Мэдээ мэдээлэл, Фото мэдээ

Цахим гарын үсгийн тухай хууль, Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгох,  байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын нийт 731 удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсэг олгохоор төсөвлөсөн.

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран Нийслэлийн мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.

Зураг 1. Монгол улсын Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн тогтолцоо

Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгэгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах бөгөөд одоогийн байдлаар тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, 2017.07.27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна. Цаашид Нийслэлийн нутгийн захиргааны нийт 200 гаруй байгууллагын албан хаагчдад тоон гарын үсгийн гэрчилгээ олгох, ашиглахтай холбоотой үйл ажиллагааны тухай сургалтыг үе шаттайгаар явуулж 2017.08.15 өдрөөс олголтын ажил эхлэнэ.